ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

112

Батлан хамгаалах яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020-2024 онд хамтран  ажиллах  санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарын үзэглэсэн уг санамж бичгийн хүрээнд нийслэл хотыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиудыг татан  оролцуулах талаар тусгажээ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, ногоон бүсийн ойг хамгаалах, нөхөн сэргээх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ үеэр “Санамж бичгийн хүрээнд мөн батлан хамгаалахын салбарт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх,  зэвсэгт  хүчний анги нэгтгэлүүдийг нээлттэй сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн хугацаат  болон гэрээт цэргийн алба хаагчид мэргэжил олгох, ажлын байраар хангах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд хамтран ажиллах болно” гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх дөрвөн жил нийслэлд бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн замын түгжрэл, нийтийн тээвэр, дулаан хангамж, цэвэр усны шугам, эрчим хүчний дутагдлын асуудал зэрэг Улаанбаатар хотын өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхэд батлан хамгаалахын салбар, Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн хамтран оролцож, шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,  хурандаа Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.