ШУУРХАЙ БҮЛЭГ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

44

Улсын Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тушаалаар шуурхай бүлгийг байгуулжээ. Тус бүлэг нь “Ковид-19” цар тахлын сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан ажиглах байруудад үзлэг, шалгалтыг хийж, дүгнэлт гаргах зорилготой аж. Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахлан ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баяр-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач, их эмч М.Цолмон, Тагнуулын Ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа нарын бүрэлдэхүүн Улаанбаатар хотод байрлалтай, цар тахлын сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан ажиглах нийт 16 байранд үзлэг, шалгалтыг хийлээ. Тэгвэл Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн өнгөрч буй долоо хоногт цахимаар хуралдаж тэдгээр байруудад хийсэн үзлэг, шалгалтаа эцэслэн дүгнэв.Бүлгийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хурлын төгсгөлд “Энэ сард дөрвөн нислэгээр 700 орчим иргэн эх орондоо газардана. Тэдгээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь бидний үүрэг. Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн гишүүд тусгаарлах байруудад ажиллаж өөрсдийн чиглэлийн хүрээнд үнэлэлт, дүгнэлтийг хийсэн. Хамгийн гол нь тусгаарлах байруудад тавьж буй шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Үүнд бид хяналт тавин ажиллалаа” гэсэн бол бусад гишүүд өөрсдийн санал, санаачилга, үнэлэлт, дүгнэлтийг уламжилсан юм.