БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН 2020 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ, БҮТЭЭЛЧ АЖЛУУД

108

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН ЗЭВСЭГТ ХҮЧИНД ШИНЭ ТӨРЛИЙН ЦЭРЭГ БАЙГУУЛАГДАЖ, ЗАРИМ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОВСРОНГУЙ БОЛЛОО

УИХ-ын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхэн хөгжлийнхөө явцад урьд байгаагүйгээр өргөжин хөгжих эрх зүйн зохицуулалттай болсон. Ингэснээр Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс бүрдэхээр хуульчлагдсан юм.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчинд “Тусгай хүчний цэргийн командлал”, “Кибер аюулгүй байдлын цэргийн командлал”, “Барилга-инженерийн цэргийн удирдах газар” байгуулах шийдвэрийг гаргаж, Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар баталгаажуулснаар шинэ төрлийн цэргийн удирдлагын байгууллагууд бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрдлээ.

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Энэхүү хуулиар “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай сангийн төрөлд хамааруулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг Зэвсэгт хүчний тухай хуулиар, нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийлээ. Хуульд нэмэлт орсноор Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, Зэвсэгт хүчний хөгжилд нааштай үр дүн үзүүлэх ач холбогдолтой юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА

“Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг УИХ-ын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Мөн “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын түвшинд, Монгол Улс, НАТО-ийн хооронд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хугацааг 2024 он хүртэл сунгах асуудлыг Батлан хамгаалах яамны түвшинд шийдвэрлэлээ.

Энэхүү гэрээ, хэлэлцээрүүд батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

“ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР” БАТЛАГДАЖ, БАТЛАН ХАМГААЛАХЫН ИРЭХ ДӨРВӨН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ТОДОРХОЙ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” хэлэлцэгдэн УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдаад байна.

Тус хөтөлбөрт туссанаар батлан хамгаалах салбар нь “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ” гэсэн тэргүүлэх зорилтын хүрээнд 9 дэд зорилт, 48 арга хэмжээг харьяа агентлаг, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт батлан хамгаалах зорилт, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг тусгаж, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор батлууллаа.

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт “Барилга, инженерийн тусгай анги байгуулах”, “Барилгын хийц үйлдвэрлэх /UBM/ хөдөлгөөнт цогцолборыг ашиглалтад оруулах”, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд инженерийн рот, тусгай хүчний ротыг бэлтгэж оролцуулах” зэрэг томоохон төслүүдийг тусгасан юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 186 ДУГААР АНГИЙГ ТҮШИГЛЭН ДАЙЧИЛГААТАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА

Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний 186 дугаар ангитай дайчилгаатай команд штабын болон байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг 2020 оны 08 дугаар сард амжилттай зохион байгуулж явууллаа.

Дайчилгаатай сургуулийг явуулснаар дайчилгаа зарласан үед Орхон аймгийн удирдлагын дайчилгаа удирдах болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тооцон үнэлэлт өгч, томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэн дайчилгааны бэлэн байдлыг дээшлүүлсэн.

Түүнчлэн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн штабын жигдрэлтийг ханган томилгоот бүрэлдэхүүнийг дайчилгааны арга хэмжээг хэрэгжүүлэхэд сурган дадлагажуулж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнтэй явуулах сургалтын материаллаг баазыг бэхжүүлж, түр болон удаан хугацааны хадгалалтад байгаа авто, хуягт техник, хээрийн тоног төхөөрөмж, табель хэрэгсэлд сэргээн сайжруулах үйлчилгээг хийж бэлэн байдал, арчлан хамгаалалтыг сайжруулсан нь Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сургууль болсон юм.

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Засгийн газрын шийдвэрийн дагуу Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгууллаа. Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд (2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр) Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцож, тэдэнд төрийн дээд одон болон Батлан хамгаалах салбарын шагналыг гардууллаа.

Ойн хүрээнд “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан.

Архивын Ерөнхий газар, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив, Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг 2020 оны 9 дүгээр сарын 1-9-ний өдрүүдэд дэлгэж, Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүдийг олны хүртээл болгосон.

АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦЛОО

ОХУ-ын нийслэл Москва хотноо 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээнд хүндэт зочноор Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагч оролцлоо.

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх гадаад арга хэмжээ хойшлогдож, цуцлагдсан ч Монгол Улс, ОХУ хоорондын батлан хамгаалах салбарын түүхэн харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хэвээр байгааг илтгэн харуулах, Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулахад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийг дэлхий дахинд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙНХЭН “КОВИД-19”-ИЙН ЭСРЭГ …

Цэргийн төв эмнэлэг нь 2020 оны 02 дугаар сараас эхлэн гадаадын улс орнуудаас 70 гаруй удаагийн тусгай үүргийн нислэгээр болон зургаан удаагийн газрын татан авалтаар ирсэн нийт 1500 гаруй иргэнийг хүлээн авч, үүнээс халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 27 иргэнийг илрүүлж, 1000 гаруй иргэнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ажиглалт, тандалт, хяналт, тусгаарлалтад авч, 20 гаруй төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр 380 гаруй иргэн, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 650 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан 14-21 хоногийн хугацаатайгаар 14 удаагийн ээлжийн үүрэг гүйцэтгээд байна. Эрүүл мэндийн болон Батлан хамгаалахын сайдын хамтарсан 2020 оны “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах тухай” А/547, A/279 дүгээр тушаалын дагуу Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт голомтлон гарсан болон Дархан-Уул, Орхон аймагт гарсан “Ковид-19”-ийн батлагдсан 404 тохиолдлыг хүлээн авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 201 хүнийг эмчлэн эдгээгээд байна.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨСӨӨР …

Манай улс сүүлийн жилүүдэд улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, үүнд дотоодын ажиллах хүчнийг оролцуулах, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг баримталж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн анги, салбар, цэргийн алба хаагчид оролцож, хүлээлгэсэн үүргийг богино хугацаанд, бага зардлаар, чанартай гүйцэтгэж байна. Тухайлбал, энэ онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож, 25,474,934.1 м.куб газар шорооны ажил, 594 хэсэгт үерийн ус зайлуулах хоолой, 27 хэсэгт гүүрийн барилга угсралтын ажил, зургаан хэсэгт зөрлөгийн барилга, Өмнөговь аймгийн Цогтцэций сум орчмын өртөөний барилгын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийг хотын төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг бүрэн хэрэгжүүллээ. Ингэснээр тус ангийн алба хаагчдын ажлын орчин нөхцөл сайжирсны зэрэгцээ хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан арга хэмжээ боллоо.

ГАЛТ ХЭРЭГЛЭЛИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОХ ТУСГАЙ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЖИГДРҮҮЛЛЭЭ

Артиллерийн гүйцэтгэн цэнэглэсэн галт хэрэглэлийг аюулгүй болгох тусгай байгууламжийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар өргөтгөн зохион байгуулж, тусгай ангийн зэрэглэлтэй болгон, 123,0 сая төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслээр ханган үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна.

Тусгай ангийг байгуулснаар тэсрүүлэгчийн хадгалалтын баталгаат хугацаа дууссан, цаашид аюулын эрсдэлийн зэрэглэл өндөртэй галт хэрэглэлийг үйлдвэрийн аргаар дахин боловсруулж, учирч болох гэнэтийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болсон.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ДАГУУ 591 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ОФИЦЕР, АХЛАГЧ, АЖИЛТАН АЛБА ХААГЧДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР БОЛОН ҮНЭГҮЙ ХУВЬЧИЛЛАА

Засгийн газрын 2020 оны “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар энэхүү ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, ажиллалаа.

Албан тушаалын орон сууцыг хувьчлах хөнгөлөлттэй үнийг тогтоож, хувьчлах ажлыг богино хугацаанд хэрэгжүүлснээр 591 офицер, ахлагч, ахмад дайчин, ажилтан алба хаагчдад амьдарч байгаа албан тушаалын байрыг нь хөнгөлөлттэй үнээр /562/ болон үнэгүй /29/ хувьчилж өгсөн нь тэдний нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд бодит алхам боллоо.

“ЖИШИГ ХОТХОН ТӨСӨЛ”-ИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсэд байрлах Зэвсэгт хүчний есөн анги, таван салбарын үйл ажиллагаа, барилга байгууламж, алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах нөхцөл байдалтай танилцаж, улмаар Зэвсэгт хүчний зарим анги, салбарыг орчин үеийн хэв маягийг харуулсан инженерийн шинэлэг шийдэл бүхий “Жишиг цэргийн хотхон” болгох саналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

“Жишиг цэргийн хотхон” төслийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний хэмжээнд баригдаж буй барилга, байгууламжууд орчин үеийн нэгдсэн стандарт, хэв маягтай болох, сургалт, дадлагыг зохион байгуулах, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх юм.