ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

272

Батлан хамгаалах салбар энэ онд хийж хэрэгжүүлсэн бүтээлч ажлуудаа дүгнэж “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2020 оны шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-ийг шалгаруулж шагнал гардууллаа.

Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” чиглэлийн 2020 оны шилдэг бүтээлийн тэргүүн байрт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн профессор, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга, доктор, дэд хурандаа Б.Эрдэнэчимэгийн туурвисан “Хятадын цэрэг батлан хамгаалах бодлого шинэ зуунд” ном, дэд байрт тус хүрээлэнгийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдоржийн туурвисан “Асуудал шийдэл арга зам” ном, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мөнхсайханы “БМ-14-2” бүтээл, дэд байрт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Байлдааны зэвсэглэл, техник, инновац судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатарын “Мэргэн буудагчийн бай” бүтээлүүд шалгарчээ. Харин “35 хүртэлх насны залуу судлаач”-аар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Электроникийн тэнхмийн ахлах багш, доктор Б.Баярмөнхийн зохиосон “Криптодайчин” мэдээлэл нууцлалын программ, “Шилдэг инновацийн бүтээл”-ээр Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн ахлах офицер, ерөнхий инженер, хурандаа Ш.Аюурзана, тус хэлтсийн электроникийн инженер, ахлах дэслэгч Т.Тайшир, автоматжуулсан удирдлагын системийн инженер, ахмад Т.Лхагваням нарын “Phoenix-2020” Монгол Улсын агаарын орон зайн хяналтын автоматжуулсан удирдлагын систем хамтын бүтээл, “Шинэ бүтээл, оновчтой санал”-аар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Лхагвасүрэнгийн “Байлдаан, операцыг зохион байгуулах ажлын программ” бүтээлийг тус тус шалгаруулж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр шагналыг гардууллаа. Энэ үеэр тэрээр хэлсэн үгэндээ “Жил ирэх тусам шилдэг бүтээлд өрсөлдөхөөр ирүүлж буй бүтээлүүдийн чанар, чансаа, шинэлэг байдал сайжирч байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд баяртай байгаагаа илэрхийлье.

Энэ удаагийн цэргийн шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулалтад ирүүлсэн нийт бүтээлийн тоо өмнөх онтой харьцуулахад 10 гаруй тоогоор нэмэгдсэн байна. Үүнээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, салбарын галын боломжийг нэмэгдүүлэх, салаа, тасгийн сургалт бэлтгэлд ашиглагдах боломжтой цөөнгүй бүтээл ирүүлсэн нь оюуны бүтээлийн практик ач холбогдлыг нэмэгдүүлсэн сайшаалтай үйл явдал болж байна.

Түүнчлэн гадаадын их, дээд сургуулиудад мэргэжил эзэмшсэн залуу инженер офицерууд маань Зэвсэгт хүчинд ашиглагдаж болохуйц хөнгөн хуягласан байлдааны машины эхний загвар болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн шинэ загварыг бүтээж, зэрэглэл, цэргийн техникийг дотооддоо үйлдвэрлэх, турших үндэс суурийг тавьсан нь өнгөрч буй 2020 оны онцлох бүтээлч ажил болсныг энд дурдах нь зүйтэй. Ийм бүтээлч сэтгэлгээ, бодит үр дүнг бодлогын түвшинд дэмжиж, цаашид хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болно” гэв.