БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН НЭГЖҮҮДЭД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

1201

Та бүхний амрыг эрье.

Миний бие Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын нэгжүүдийн үйл ажиллагааг зөв, хуулийн дагуу, үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Тэр ч үүднээс оны эхэнд та бүхэнтэй уулзаж, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, үр дүнг дээшлүүлэх, дотоод аудитын хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах, төсөв, санхүүгийн сахилга хариуцлагатай холбоотой зөрчил дутагдлыг арилгах, таслан зогсоох, харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагуудын дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, тэднийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжөөр хангах зэргээр хяналт шалгалтын асуудлаар бодол, саналаа хуваалцая гэж бодсон юм.

Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх бодлогын зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын 2020 оны тушаалаар Батлан хамгаалахын дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж, “Батлан хамгаалахын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, “Батлан хамгаалахын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын журам”, “Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн дүрэм” зэрэг хяналт шалгалттай холбоотой нийтлэг журам, дүрмийг шинэчлэн баталгаажуулаад байна.

Ингэснээр салбарын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх хууль эрх зүйн нөхцөл шинээр бүрдээд байна.

Харин эдгээр хяналт шалгалтыг шударга, ёс зүйтэй, хариуцлагатай үйл ажиллагаагаар дэмжин ажиллах нь өнөөдөр цугласан Та бүхний үүрэг байх ёстой.

Өнгөрсөн жилүүдэд салбарын хэмжээнд эрх зүйн шинэчлэл хурдацтай хийгдэж зэвсэгт хүчний хэтийн болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилт тодорхойлогдож, анги, байгууллагуудын штабын бэлэн байдлын түвшинд зарим ахиц гарч, зэвсэг техникт ойрд хийгдээгүй нэгдсэн үйлчилгээ, сэргээн сайжруулалт хийгдэж эхэлсэн, улс орны стратегийн бүтээн байгуулалтад тэргүүн эгнээнд оролцох болсон зэрэг ахиц дэвшлүүд нэлээн гарч байна. Салбарын үйл ажиллагааг төр, засаг, иргэд тодорхой түвшинд үнэлж байна.

Хөндлөнгийн хяналт шалгалтын үр дүнгээр ч энэ нь баталгаажиж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлтээр 5 жил дараалан “зөрчилгүй” гэж дүгнэгдсэнийг дурдахад таатай байна.

Гэсэн хэдий ч төсөв, санхүүгийн сахилга хариуцлагатай холбоотой зөрчил, дутагдал, тухайлбал, төсөв санхүүгийн хууль тогтоомж зөрчиж төсвийг бодитой төлөвлөхгүй байх, хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад хэлбэрээр цалингаас суутгах, үйл ажиллагааны нэмэлт орлогыг дутуу төвлөрүүлж зориулалт бусаар зарцуулах, сайдын тушаалгүйгээр хөрөнгө шинээр бэлтгэх, анги, байгууллагын хооронд шилжүүлэх, шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн худалдан авч төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, төрийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сулруулснаас төрийн өмч эзэнгүйдэх, алдагдах, хувьдаа завших зөрчил дутагдал буурахгүй байна.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад цэргийн алба, сахилга зохион байгуулалтыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг, албан даалгаврыг байнга хүргүүлж, хэрэгжүүлэхийг тогтмол шаардаж байгаа боловч 2020 оны жилийн эцсийн дүнгээр авч үзэхэд цэргийн хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдал, сахилга зохион байгуулалттай холбогдолтой осол, зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, сахилгын зөрчил, гэмт хэрэгт шийтгүүлэгчдийн тоо буурахгүй байна.

Үүнийг салбарын дотоод хяналт, шалгалтын нэгжүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн үр нөлөөтэй холбож үзэхээс аргагүй юм.

Зөрчил дутагдал гарахад хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт, цэргийн дүрмээр хүлээсэн албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлж санаачилгагүй ажилласан, хуулийн мэдлэг, ажлын туршлага, ур чадвар дутмаг, ажлын хариуцлага алдсан, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн албан тушаалтнуудын үйл ажиллагаа ихээр нөлөөлж байна.

Энэ нь манай дотоод хяналт шалгалт:

  • нэгдсэн удирдлага, бодлого, төлөвлөлт, зохион байгуулалтгүй;
  • эрх зүйн зохицуулалт нь дутуу дулимаг;
  • дотоод ажлын уялдаа холбоо хангалтгүй /тал тал руу харсан/;
  • чиг үүргийн зааг ялгаа тодорхойгүй явж ирсэн;
  • төлөвлөлт оновчтой бус;
  • урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил орхигдож ирсэн;
  • удирдлага, мэргэжилтнүүд харилцан ойлголцохгүй явж ирсэнтэй шууд холбоотой гэж дүгнэж байна.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын алба, яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газар гэсэн 3 нэгж маань үйл ажиллагаагаа сайтар уялдуулах, харьяа төсөвт анги, байгууллагуудын Дотоод хяналт шалгалтын ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эхнээс нь зөв чиглүүлэх, дотоод хяналтаа сайтар зохион байгуулж хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэгийг үе шаттайгаар өгөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд төсөв, санхүүгийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх, цэргийн алба, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үүрэг чиглэлийг Та бүхэнд өгч байна. Үүнд:

  1. Хууль тогтоомж, дүрэм журам, зааврыг таниулах, судлуулах сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж, албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж байх;
  2. Зэвсэг, техник, галт хэрэглэл, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тэдгээрийн бүрэн бүтэн байдал, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулж, улирал бүр хяналтын тооллогыг чанартай явуулж, бүртгэл тооцоог сайжруулах;
  3. Хяналт шалгалтын нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөлт, ажлын уялдаа холбоог сайжруулах;
  4. Анги, байгууллагуудын дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийг мэргэжил, арга зүйн удирдамж, чиглэлээр хангах;
  5. Иргэд, хуулийн этгээдийн үндэслэл бүхий мэдээллийн дагуу хийх хяналт шалгалтын үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах;
  6. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал заавал засагдаж, дахин давтагдахгүй байхад үйл ажиллагаагаа чиглүүлж, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж, тооцож байх;
  7. Хяналт шалгалтын ажилтнуудын хийсэн хяналт шалгалтын үр дүнг тэдгээрийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд нэг үзүүлэлт болгож хэвших.

Батлан хамгаалах салбарын хяналт шалгалтын нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулан, хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл харилцан солилцох, хяналт шалгалтын үр дүнгийн хэрэгжилтэд тавих хяналтыг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Салбарын хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын алба, яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газар зэрэг 3 нэгж нь харьяа 80 гаруй төсөвт анги, байгууллагад тэр бүр хүрч чадахгүй ч тэдгээр анги, байгууллагад байгуулагдах Дотоод хяналт шалгалтын орон тооны бус ажлын хэсгүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан  холбогдох удирдамж, зөвлөмжөөр тухай бүр ханган, дэмжиж ажилласнаар дотоод хяналт, хяналт шалгалтын үйл ажиллагааг салбарын хэмжээнд хэвшүүлэх боломжтой гэж үзэж байна.

Та бид Төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд учирч болзошгүй эрсдэл, саад бэрхшээл, алдааг цаг алдалгүй засаж залруулах нэн хариуцлагатай үүргээ шударгаар, ёс зүйтэйгээр, хариуцлагатайгаар биелүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

     Та бүхэнд амжилт хүсье.