ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭД ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

69

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Жэймс Холдерийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар ИБУИНХУ-ын Элчин сайдын яам нь Умард Атлантын Гэрээний Байгууллага (NATO)-ын элч, төлөөлөгч байгууллага болсонтой холбогдуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Умард Атлантын Гэрээний Байгууллагатай харилцах харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Хурандаа Б.Бат-Эрдэнэ тус Элчин сайдын яам “NATO”-ийн элч байгууллагаар сонгогдсон явдалд баяр хүргээд, Монгол Улсын Зэвсэгт хүчин, “NATO”-ийн харилцаа хамтын ажиллагааны талаар товч танилцуулан цаашид олон чиглэлээр хамтран ажиллах санал санаачилгыг дэвшүүлж, өнөөгийн түвшинг ахиулах хүсэлтэй байгаагаа онцоллоо. Үүний хариуд ноён Жэймс Холдер “NATO” болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсон энэхүү хариуцлагатай үүргийг гүйцэтгэх болсноо онцолж, Монгол Улсын талаас дэвшүүлсэн санал санаачилгыг удирдлагууддаа түргэн шуурхай уламжилж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.