Г.Сайханбаяр: БИД НИЙГМИЙН ТОЛЬ НЬ БАЙХ УЧИРТАЙ

189

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Цэргийн гавьяаны одонт зэвсэгт хүчний 065, 326, 120 дугаар ангиудад ажиллалаа. Ангийн захирагч нар Батлан хамгаалахын сайдад үйл ажиллагааны төлөвлөгөө, цэргийн сургалт бэлтгэлийн явц, алба хаагчдын сахилга дэг журам, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулсан юм. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тухайд Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтан олон бүтээлч ажлыг хийж байгаа төдийгүй штабын шинэ барилгын ажил эхэлж, их засварын ажил эд өрнөж байна. Мөн тус анги ногоон орчинг бий болгох зорилт тавьжээ. Харин 326 дугаар анги 2021-2030 он хүртэлх “Алсын хараа”-ны баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Ингэхдээ “Хүн” төвтэй ажиллахыг зорьж, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаандаа ая тухтай байх, сурч боловсрох орчныг бүрдүүлжээ.Тухайлбал алба хаах хугацаандаа Солонгос, англи хэлтэй болж, шатар, даам, гитар тоглож сурч байгааг ангийн захирагч хурандаа Г.Отгонбаяр танилцуулгын үеэр онцолсон юм. Тус анги нь сайдад Соёл, спортын цогцолбор, 36 айлын албан тушаалын орон сууц барих ажлыг дэмжиж, шийдвэрлэж өгөхийг ч уулзалтын үеэр уламжилсан юм. Зэвсэгт хүчний 120 дугаар анги мөн албан тушаалын орон сууцны асуудал тулгамдаж буйг ч дурдаж байлаа. Мөн энэхүү ангийн хувьд 200 цэрэг байрлуулах цэргийн байр шинээр бариулах, артиллерийн дивизионы цэргийн байр, эрүүл мэндийн төвийн гадна дулаалга, штаб, цэргийн байрууд, артиллерийн зэвсэглэл, галт хэрэглэлийн агуулахуудын дээврийг засварлуулах тал дээр анхаарч ажиллаж, дэмжиж өгөхийг ч хүссэн юм. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө санхүүгийн асуудал яригдана. Гэсэн хэдий ч шат дараатайгаар шийдвэрлэхийг зорьж ажиллах болно гэдгээ салбарын сайд хэлсэн юм. Тэрээр уулзалтын үеэр алба хаагчдад хандан хэлэхдээ, “Өнөөдөр дийлэнх анги нэгтгэлүүдийн барилга 1960-1980 оны үед баригдсан үндсэндээ насжилт уртассан барилга байгууламжид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг ойлгож байна. Ийм ч учраас миний бие анги нэгтгэлүүд дээр өөрийн биеэр очиж ажиллаж, бодит байдлыг нүдээр харж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгж байж өөрчлөлт, шинэчлэлтийг бодитоор хийж чадна. Ажлын байр гэдэг хүний хоёр дахь гэр нь байдаг. Тийм ч учраас “Цэргийн жишиг хотхон” төслийг хэрэгжүүлж, цэргийн анги нэгтгэлүүдийг олон улсын стандартаар шинэчлэн байгуулах ажлыг 016 дугаар ангиас эхлүүлэхээр зориод явж байна. Ингэж байж салбарын хамгийн анхан шатанд ажиллаж, амьдарч буй офицер, ахлагч нар ая тухтай орчинд ажиллаж амьдрах орчин бүрдэх юм. Мэдээж үүнд анги нэгтгэлүүдийн өөрсдийн санал санаачилга маш чухал. Зэвсэгт хүчний 015 дугаар анги анхны “ЭКО анги” болох зорилт тавин, хамт олноороо хүчин чармайлт гарган ажиллаж байна. Манай салбар бол нийгмийн толь нь байх учиртай. Иргэд манай салбарынхнаар бахархдаг байх ёстой. Ингэхийн тулд хүн бүр боловсорч, хариуцлагатай байж, эрхэлсэн ажилдаа эзэн болж, нэр төртэй, үр бүтээлтэй ажиллах ёстой. Гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид маань зорилготой, тэмүүлэлтэй, бүтээмжтэй байгаад би баяртай байна. Та бүхний дундаас салбар салбарын манлайлагчид, сайн эцэг төрөн гарна. Тийм учраас хүн бүр сэтгэлтэй, зүтгэлтэй байцгаая. Дэлхийд 100 жилийн түүхтэй зэвсэгт хүчинтэй улс тун ховор. Та бид энэ сайхан цаг үед мөр зэрэгцэн энэ салбартаа хүчин зүтгэж байгаагаараа бахархах учиртай. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үргэлжлүүлэн анги нэгтгэлүүд дээр ажиллахаар төлөвлөжээ.