ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТСЭН АЛБА ХААГЧ, АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

61

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон сайдын зөвлөлийн гишүүд өнөөдөр Батлан хамгаалах яаманд Төрийн дээд цол хүртсэн зарим алба хаагч, ахмадад хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хааны одон хүртсэн сансрын нисгэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын ардын багш хэмээх хүндтэй цол хүртсэн ҮБХИС-ийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор шагнагдсан БХЭШХ-гийн АББХСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, чөлөөнд байгаа хошууч генерал О.Үржин, БИЦУГ-ын дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэд хурандаа Д.Жаргалсайхан, орлогч дарга, гавьяат барилгачин, хурандаа Ц.Ганхөлөг, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, гавьяат барилгачин хошууч генерал П.Доржсүрэн, ачаа тээврийн бүлгийн жолооч, гавьяат тээвэрчин, ахлах ахлагч Б.Мөнхтөр, “Алдар” спорт хорооны Биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвийн дарга, ерөнхий арга зүйч, гавьяат тамирчин, дэд хурандаа Д.Ганхуяг, Их спортын албаны Техник хэрэгслийн спортын бүлгийн туслах дасгалжуулагч, гавьяат тамирчин, дэслэгч М.Анхцэцэг, Үндэсний спортын албаны оюуны спортын бүлгийн дасгалжуулагч, дэслэгч Ө.Дүүрэнбаяр, тус хорооны ахмад ажилтан, гавьяат дасгалжуулагч, бэлтгэл хошууч Ч.Гочоосүрэн, Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, хурандаа С.Батболд, сувилагч А.Сольхүү  нарт хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Та бүхэн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчиндээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлж, улс орны боловсрол, эрүүл мэнд, спортын салбар, бүтээн байгуулалтад томоохон ахиц дэвшил авчирсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр ирсэн та бүхний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, төрийн дээд цол хүртээн, шагнаж урамшуулсан явдалд Батлан хамгаалах яамны удирдлага, сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” гээд дурсамж гардуулав.

Энэ үеэр сансрын нисгэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа “Өнөөдөр сайд болон сайдын зөвлөлийн гишүүд Батлан хамгаалах салбараас төрсөн хөдөлмөрийн баатар, генерал, гавьяатуудын хамтаар хүлээж авсан явдалд миний бие баяртай байна. Миний амьдрал Монголын Ардын Армитай салшгүй холбоотой. Би Зэвсэгт хүчний эгнээнд байгаагүй бол, Зэвсэгт хүчний офицер байгаагүй бол энэ баярт үйл явдлын гадна үлдэх байсан ч байж мэднэ. Амьдралдаа хийсэн чухал сонголтуудын минь нэг бол Зэвсэгт хүчин. Үүгээрээ ч бахархдаг” хэмээгээд Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагад ажлын амжилт хүсэв.

Мөн Монгол Улсын ардын багш, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав “Би 1970 оны цэрэг.  Зэвсэгт хүчний 100 жилийн тэн хагаст нь алба хаасан. Бие бүрэлдэхүүнийг сургаж хүмүүжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр 50 гаруй жил зүтгэсэн. Дөнгөж сая сайдын надад гардуулсан дурсамжид энэ талаар бичиж үлдээсэн нь тун сайхан санагдлаа. Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний гурван үеийг сургаж бэлтгэжээ. Сайдаасаа эхлээд бүгд л надаас номын дуу сонссон хүмүүс энд хүрэлцэн ирсэн байна. Багш хүн үргэлж шавиа харж, тэднээрээ бахархаж явдаг учиртай. Энэ чанараараа багшийн ажил их сайхан ажил. Монгол Улсын Ардын багш хэмээх хүндтэй цол хүртсэн нь шавь нарын маань ач, гавьяа” гэсэн юм.