ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

40
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор тус нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан билээ. Тэгвэл хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж, байгаль цаг уурын хүнд нөхцөлд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан ЗХЖШ, ОБЕГ-ын харьяа анги, байгууллагын зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнасныг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр гардуулан өглөө.
Тухайлбал, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаяр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн жолооч Д.Батдорж, Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн жолооч, сургагч ахлагч Б.Мөнхтөр, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Г.Батбаатар зэрэг алба хаагчдыг шагнасан юм.
Мөн Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”-ээр ЗХЖШ-ын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд, “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ОБЕГ-ын Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн захирагчийн орлогч, штабын дарга, хошууч Б.Алтан-Очир, “Дайчин алдар II” медалиар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкны ротын салааны ахлагч, ахлах ахлагч Г.Батбаатар, “Дайчин алдар III” медалиар ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын техник тоног төхөөрөмж хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Батчулуун, “Эх орны төлөө II хүндэт тэмдэг”-ээр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлах гүүр тавигч-жолооч, ахлагч Ц.Бат-Ирээдүй, “Эх орны төлөө III хүндэт тэмдэг”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Х.Цэрэнтогтох, Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батбаатар нарын алба хаагчид шагнагдлаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр шагнагдсан бүрэлдэхүүнд хандан “Томилогдсон ажлын хэсэг эх дэлхийгээ авран хамгаалах, байгаль экологио цэвэрлэх маш том зорилтыг амжилттай эхлүүлсэн. Монгол улсад ийм төрлийн, далайн гүнээс татан гаргалт хийсэн туршлага өмнө нь байгаагүй. Манай Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба, ШУТИС зэрэг олон байгууллагын хамтарсан ажлын хэсэг шинжлэх ухаан, техник технологийн үндэслэлийг нь гаргахаас эхлээд татан гаргалтыг амжилттай хийсэн. Ерөнхийлөгч үүнийг бэлгэшээлтэй үйл явдал болсон хэмээн онцлон тэмдэглэсэн. Дэлхийн болон Ази тивийн цэвэр усны эх ундарга болсон Хөвсгөл далайг цэвэрлэх ажил 2024 он хүртэл үргэлжилнэ. Далайн усанд байгаа бусад техникүүдийг татан гаргах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Ингээд өөрсдийн хичээл зүтгэл, ажлын үр дүнгээ үнэлүүлж, Улс тунхагласны баярын ойн босгонд шагнал хүртсэн та бүхэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье” гэв.