ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫГ УГТАЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг угтаж, ХНХ-ын сайдын тушаалын дагуу “Ээлтэй орчин–Эрүүл ирээдүй” чуулган, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдлаа.

Уг чуулганы хүрээнд БХЯ-наас хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг явуулсан юм. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахимаар тус хэлэлцүүлэгт оролцож, хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж байгаа БХЯ-ны бодлоготой танилцсан.

Хэлэлцүүлгийн хүрээнд “Хүүхэд, залуучуудын гэр бүлийн хүмүүжил, төлөвшил цэргийн албанд нөлөөлж буй нь”, “Хүүхдийн цахим орчны хэрэглээ ба эцэг, эхийн хяналт”, “Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” сэдвийг багууд хуваан авч, өөрсдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлуудаа дэвшүүлсэн юм. Батлан хамгаалах салбарын алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, алслагдсан аймаг, орон нутагт ажиллаж буй алба хаагчдын хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах шаардлага байгааг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байлаа.