Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Бүтэц, зохион байгуулалт   Яамны зохион байгуулалтын бүтэц
Яамны зохион байгуулалтын бүтэц
2019 оны 01 сарын 28 | Enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

1. Стратегийн бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх хууль тогтоомжийн төсөл, бодлогын төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомжийн төсөл, бодлогын төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах, салбарын хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах; Монгол Улсын батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөн, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, гадаад хамтын ажиллагаа болон энхийг дэмжих ажиллагаа, шинжлэх ухааны ололт, инновацийн бодлого, арга хэмжээг тодорхойлж зохион байгуулах, зохицуулах; орон нутгийн хамгаалалтын болон улсын дайчилгааг төлөвлөх, тогтолцоог боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбарыг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нэгж, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалахын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэм хэмжээний цогц байдлыг хангах, батлан хамгаалахын нөөцийн менежментийг төлөвшүүлэх, зэвсэгт хүчний шинэчлэл, цаашдын хөгжлийн чиг хандлагыг төлөвлөх, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгон хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, чиглэлийг боловсруулах, салбарын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг өргөжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах эрх ашигт нийцсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгох, улсын дайчилгааны төлөвлөлт, тогтолцоог төгөлдөржүүлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын хандлагад дүн шинжилгээ хийх, шинжлэх ухааны ололт, инновацийн бодлого, чиглэлийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийг боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод үйл ажиллагааг зохицуулах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлын бодлогын удирдамжаар хангах; хүний нөөц, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж, бодлогын удирдамжаар хангах; хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажилд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, захиргааны эрх зүйн баримт бичиг болон гэрээний эрх зүйн үндэслэлийг хянан зохицуулах; батлан хамгаалах төсвийн төслийг боловсруулж, салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, санхүүгийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, зохицуулах, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулж хангах, гадаад, дотоодын цэргийн сургуулиудад боловсон хүчин бэлтгэх бодлогыг зохицуулан хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн хамгаалал, баталгааг сайжруулах хөтөлбөр, төсөл боловсруулах, батлан хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах, цахим санг байгуулж, үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн техник, хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж, сүлжээний найдвартай ажиллагааг зохион байгуулах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яамны нээлттэй байдлыг хангах, иргэд, цэргийн алба хаагчдад үзүүлэх мэдээлэл, үйлчилгээний ажлыг бодлогын удирдамжаар хангах, батлан хамгаалах төсвийн төлөвлөлтийг нөөцийн зохицуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэн боловсруулж, батлан хамгаалах зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх, салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайд болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхыг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.

3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгсэл болон батлан хамгаалах зориулалт бүхий материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, хадгалах, хангах ажлыг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техникийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гадаадын зээл, тусламжийг зохицуулах; материал хэрэгслийн хангалтын бодлого, үндсэн хөрөнгийн асуудлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд материал хэрэгслийн хангамжийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, цэргийн байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төсөл, хөтөлбөр боловсруулах, зэвсэглэл, техникийг шинэчлэхтэй холбоотой техник-эдийн засгийн үндэслэл, нөөцийг бүрдүүлж, хэрэгжилтийг зохицуулах, цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай орнуудаас үзүүлж буй тусламжийн бараа, материалыг хүлээн авах, батлан хамгаалах салбарын төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан илүүдэлтэй болон үндсэн хөрөнгийн данснаас хасагдсан зэвсэглэл, техник, эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын бүтээн байгуулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах зэрэгт чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад мэргэшлийн зөвлөгөө өгөх замаар батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

4. Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх ажлыг зохицуулах; хамтын ажиллагаатай улс орон, олон улсын байгууллагатай олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалахын атташегийн албыг бэхжүүлэх, үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, харилцаа, хамтын ажиллагаатай улс орнууд, олон улсын байгууллагуудтай харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх замаар хамтын ажиллагааг хөгжүүлэх, батлан хамгаалах чадавхыг дээшлүүлж, Зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагаатай улс орнуудтай олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, дадлагад оролцуулахад дэмжлэг үзүүлэх замаар улс орнуудтай харилцааг идэвхжүүлэх, гадаад орон, олон улсад зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд оролцох, цэргийн боловсон хүчнийг гадаад орнуудад сургаж, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэгдэнэ. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын батлаг хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хэлбэрийг өргөжүүлэх замаар тус тус хангагдана.

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Батлан хамгаалах салбарын дотоод үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүн, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх; улсын болон салбарын хөтөлбөр төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх; төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын төсвийн төлөвлөлт, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгч бодлогын үр дүнг сайжруулах, салбарын хэмжээний дотоод аудитын хяналтыг хэрэгжүүлж төсөв, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит бүрдээ дүгнэлт зөвлөмж гаргах замаар яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 302 дугаар тогтоолоор нэмэлт орсон)


Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2019 оны 01 сарын 28 )
Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5377276
Өнөөдөр зочилсон 1306
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.