
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг ИБУИНВУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Тимоти Лоуг Монгол Улсыг хавсран суух болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр атташегийн албанд шинээр томилогдсон бригадын генерал Тимоти Лоуд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд цаашид хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааны чиглэлээр сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой англи хэлний сургалтын чиглэлээр 2005 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү төслийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа онцолсон юм.
Исламын Бүгд найрамдах Афганистан улсын Кабул хот дахь “Шинэ Кабул” баазад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг ИБУИНВУ-ын цэргийн багтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд онцлов.
Хоёр орны цэргийн багийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх зорилгоор хамтарсан сургалтыг явуулах, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн хооронд харилцаа тогтоох, сургагч багш харилцан солилцох зэрэг олон талын асуудлыг хөндөж, харилцан санал солилцлоо.
Соёмбо сонин