Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЦЭРГИЙН БАГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
2019 оны 06 сарын 24 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалах яам, ХБНГУ-ын Холбооны батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагаа болон Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Монгол Улсын Зэвсэгт хүчин ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс дахь НАТО-гийн хүчний тэргүүлсэн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 10 жилийн ойн хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Мазари Шариф хотын Мармал олон улсын цэргийн хүчний баазад үүрэг гүйцэтгэж буй Эвслийн цэргийн хүчний үүрэг гүйцэтгэлттэй танилцах хоёр талын нэгдсэн арга хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Афганистан Улс дахь "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганбат, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа С.Самдангэлэг нар, Германы талаас ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, доктор Петер Таубер, Бундестагийн гишүүн, хатагтай Аядан Өзөгүз, Бундестагийн гишүүн ноён Кай Виттакер нар болон Холбооны Батлан хамгаалах яамны төлөөлөл оролцлоо.

Soyombo сонин-н зураг.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагааны Хойд бүсийн командлалын үндсэн бааз болох Мармал баазын хамгаалалтын үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн ба одоогоор дэд хурандаа Н.Цэцэнхүү захирагчтай 10 дугаар ээлжийн цэргийн баг үүргээ гүйцэтгэж байна. Мармал бааз нь "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагааны Хойд бүсийн командлалын үндсэн бааз бөгөөд энд нийт 22 орны 3000 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа нь Афганистаны Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчний бие бүрэлдэхүүнийг сургаж, бэлтгэх, зөвлөх үндсэн үүрэгтэй цэргийн ажиллагаа бөгөөд одоогоор нийт 39 орны 16,000 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Төлөөлөгчдөд "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагааны хүчний командлалын штабын дарга, дэслэгч генерал Андреас Марлов, Хойд секторын командлагч бригадын генерал Герхад Эрнест Питер Клаффус нар ажиллагааны цагийн байдал, цэргийн хүчний үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийсний дараа Афганистан Улсын Балх мужийн удирдлагатай уулзаж ярилцав. 

Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, доктор Петер Таубер нар батлан хамгаалах хамтын ажиллагааны хоёр талын уулзалтыг зохион байгуулсан ба цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр хоёр тал 2018 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал, ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд хатагтай Фон дер Лайны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр орны батлан хамгаалах харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлоод айлчлалын үеэр харилцан тохиролцсон арга хэмжээнүүд ажил хэрэг болж амжилттай хэрэгжиж байгаад талууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. ХБНГУ-ын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэж, монгол цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт сайтай байж, үүргээ сайн биелүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Цаашид энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаа хоёр тал тохиролцов.

Мөн Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат нар ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн юм. Уулзалтаар дэд сайд Т.Дуламдорж Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэл, улс орны бүтээн байгуулалтад оролцож буй оролцооны талаар товч мэдээлэл хийсэн. Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд сахилга зохион байгуулалт сайтай, мэргэжлийн ур чадвар гарган үүргээ амжилттай биелүүлэхийг хүслээ. Элчин сайд Д.Ганбат хэлсэн үгэндээ Монгол Улсын гадаад бодлогыг бодит үйл хэрэг болгоход хувь нэмэр оруулж байгаа цэргийн алба хаагчиддаа талархаад үүрэг гүйцэтгэлт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Түүнчлэн Монгол, Германы төлөөлөгчид, цэргийн багийн бие бүрэлдэхүүн Афганистан Улс дахь НАТО-гийн хүчний тэргүүлсэн цэргийн ажиллагаанд амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Soyombo сонин-н зураг.

Тавин хэмийн халуунд 30 орчим кг-ийн жин бүхий хамгаалах хэрэгсэл, зэвсэг, галт хэрэгсэлтэй Монгол цэрэг 3000 гаруй энгийн, цэргийн алба хаагчдын амь насыг хамгаалах хариуцлагатай албаа хашин, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөр өргөн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

 

Үйл явдалын хуанли
OCTOBER 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Статистик
Нийт зочид 5282556
Өнөөдөр зочилсон 3288
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.