Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
НҮБХАС, Монгол улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүлж байна
2019 оны 11 сарын 29 | enkhtuvshin
   

Улаанбаатар - НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг "ОйлГОЁ ХҮНдэлье" уриан доор эхлүүлж байна. Энэ жилийн 16 хоногийн аяныг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа олон салбарууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Цагдаагийн Ерөнхий газар тэргүүлэх үүрэгтэйгээр зохион байгуулж байна.

ЖСХ-тэй тэмцэх 16 өдрийн аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилго бүхий жил бүр зохион байгуулагддаг олон улсын санаачлага юм.

Энэ аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ны өдөр  хүртэл үргэлжилдэг бөгөөд олон улсын хэмжээнд 1991 оноос, Монгол улсын хувьд 1997 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.

2019 оны хувьд энэхүү аяныг "ОйлГОЁ ХҮНдэлье" уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд ЖСХ, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна. Түүнчлэн энэхүү уриа нь жендэрийн талаархи хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм.

ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяныг 11 сарын 21-ны өдөр Төрийн ордонд Засгийн газар, УИХ, Иргэний нийгмийн байгууллагууд, НҮБ болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон хэвлэлийн баг хурлаар эхэлж, эдгээр байгууллагуудын төлөөлөл ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр оруулах дэмжлэг, үйл ажиллагаа, амлалтаа илэрхийлэх юм.

ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулах бөгөөд олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх билэг тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, Төрийн ордонг гэрэлтүүлэх, сурталчилгааны том, жижиг самбарууд, лед дэлгэц, автобусны буудлын болон олны цуглардаг газруудын сурталчилгааны самбаруудаар аяны уриа, мессэжийг олон нийтэд хүргэх, их дээд сургуулиудын оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан мэдээлэл хүргэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах юм. Аяны уриа, мессежийг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн сүлжээгээр өргөн хүрээнд сурталчилна. 

"ЖСХ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн болон гэр бүл нийгэмд тэдний гүйцэтгэх үүргийн талаархи хэвшмэл ойлголт хандлага, итгэл үнэмшлээс үүдэлтэй" гэж Монгол дахь НҮБХАС-ын тэргүүн Каори Ишикава онцлов. Тэрээр цааш нь "ЖСХ-ийг таслан зогсоохын тулд энэхүү ойлголт, хандлага итгэл үнэмшлийг бие биедээ нээлттэй, бие биенээ ойлгож, хүндэтгэлтэй хандсанаар өөрчлөх боломжтой юм" гэж тэмдэглэв. 

НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулсан.

ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор НҮБХАС-аас Швецарийн хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газартай хамтран (1) ЖСХ-тэй тэмцэх бодлого хөтөлбөр боловсруулахад шаардлагатай тоо мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх, (2)олон нийтийн мэдлэг хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх болон шийдвэр гаргагчид, үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг дээүлүүлэх (3)ЖСХ-ийн хохирогчдод эрүүл мэнд, нийгмийн, сэтгэл зүйн, хууль эрх зүй, хамгаалллын зэрэг олон талт үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг 7 аймаг, УБ хотын 2 дүүрэгт байгуулах замаар хохирогч хамгааллын тогтолцоог бий болгох төслийг хэрэгжүүлж байна. 

Энэ жилийн 16 хоногийн аяны хүрээнд НҮБХАС-аас засгийн газрын, иргэний нийгмийн, хэвлэл мэдээлллийн хамтрагч байгууллагууд болон олон нийтийг эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн эрхийг хүндэлж, хамгаалсан хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл,
http://mongolia.unfpa.org
1. www.gender.gov.mn
2. http://facebook.com/gender.gov.mn
3. https://www.facebook.com/MongolianPolice/
вебсайтад зочилно уу.
ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны тайланг Монгол Англи хэлээр үзэхийг хүсвэл дараахь сайтад үрж үзнэ үү:
https://mongolia.unfpa.org/sites/default/files/pub-pdf/2017%20National%20Study%20on%20Gender-based%20Violence%20in%20Mongolia.pdf


 

Үйл явдалын хуанли
DECEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5431800
Өнөөдөр зочилсон 68
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.