Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЧУХАЛ ШААРДЛАГАТАЙ ЖУРМУУД ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА
2020 оны 05 сарын 04 | enkhtuvshin
   

Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2019 онд хэд хэдэн журмыг боловсруулж шинэчлэн батлуулсан юм. Үүнтэй холбогдуулан БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадоржоос тодруулга авлаа.

Нийт хэдэн журам шинэчлэн батлагдсан бэ?
-Улсын Их Хурлаар 2018 онд "Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хууль батлагдсанаар энэхүү хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн дайчилгааны эрх зүйн харилцааг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага бий болсон. Иймд Батлан хамгаалахын сайдын “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 2018 оны тушаалд заасны дагуу дайчилгааны харилцааг зохицуулж буй нийт 20 орчим эрх зүйн баримт бичгийг 2018-2021 онд шинээр болон шинэчлэн боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд 2018 онд нэг, 2019 онд есөн журам шинэчлэн батлагдсан. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны зарлигаар “Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам”, Засгийн газрын 2018 оны тогтоолоор “Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журам”, Засгийн газрын 2019 оны тогтоолоор “Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам”, “Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журам”, “Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журам”, “Дайчилгаатай сургууль явуулах журам”, “Техник, хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөх журам”, “Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журам”, Засгийн газрын 2019 оны тогтоолоор “Иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнийг орон нутгийн хамгаалалтын болон цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг тогтоох, түүнийг олгох журам”, Батлан хамгаалахын сайдын 2019 оны тушаалаар “Цэргийн бэлтгэл албаны сургалтын журам” зэрэг 10 журмыг шинээр болон шинэчлэн боловсруулж, хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулаад байна

Журмуудыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага юу байв?
-Шинэчлэн батлагдсан журмуудын хувьд авч үзвэл, 1998 онд "Дайчилгааны тухай" хууль батлагдан гарсны дараа дээрх журмууд анх боловсруулагдан 1999-2003 онд батлагдсан байдаг. 2015 оноос эхэлсэн Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэл, улс орны нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүд, хүн амын өсөлт, бүтэц, чанарын өөрчлөлт, Зэвсэгт хүчний хөгжлийн түвшин зэргээс шалтгаалан дээрх журмуудыг батлагдан гарсан хууль, тогтоомжуудад нийцүүлэх, давхардал, хийдлийг арилгах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд нийцүүлэх зэрэг хэрэгцээ, шаардлага тулгарч байсан бөгөөд эдгээр өөрчлөлт нь цаг үеэ дагасан шинэчлэлүүд гэж ойлгож болно.

Шинээр батлагдсан журмууд нь хууль, эрх зүйн ямар зохицуулалтыг нарийвчлан тусгасан талаар тодруулахгүй юу?
-Шинэчлэн батлагдсан журмууд нь батлан хамгаалахын багц хуулиудад тусгагдсан эрх зүйн харилцааг нарийвчлан тодорхойлох, эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах, шаардлагагүй болсон зарим зүйл, заалтыг хасах, нэр томьёоны шинэчлэлийг тусгасан зэрэг онцлогтой. Тухайлбал, “Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам”-ын тухайд, дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоо нь төрийн захиргааны, төрийн цэргийн болон орон нутгийн зарлан мэдээллийн тогтолцооноос бүрдэхээр нарийвчлан тодорхойлсноос гадна дайчилгааны орон нутгийн зарлан мэдээллийн тогтолцоог орон нутгийн хамгаалалтын зарлан мэдээлэлд ашиглахаар, зарлан мэдээлэл явуулах бэлтгэлийг хэрхэн хангах, зарлан мэдээллийг зохион байгуулж явуулах үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан журамласан онцлогтой. Мөн “Дайчилгаатай сургууль явуулах журам”-д зааснаар Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгаатай сургуулийг жил бүр зохион байгуулж, явуулах эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Ингэснээр Зэвсэгт хүчний Жанжин штаб нь дайчилгаатай сургуулийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг, Төрлийн цэргийн командлал нь дайчилгаатай сургууль явуулах цэргийн нэгтгэл, ангийн бэлтгэлийг хангуулах ажлыг, Батлан хамгаалах яам сургууль явуулах шийдвэрийг Засгийн газраар шийдвэрлүүлэх, сургуулийн явцад хяналт тавих үүргийг тус журамд тусгасан. Түүнээс гадна дайчилгаатай сургууль явуулах үйл ажиллагааг нарийвчлан журамласан юм. “Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам”-аар дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг зохион байгуулах субъект, ажлын дарааллыг тодорхой болгож өгсөн бөгөөд гадаад улсад оршин суугаа цэргийн бэлтгэл үүрэгтнийг дайчлах ажлын зохион байгуулалтыг тусгай бүлэг болгон тусгаж өгсөн онцлогтой. Түүнээс гадна энэхүү журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын асуудлыг журамласан. Мөн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний насны хязгаарыг "Цэргийн албаны тухай" хуулийн 32 дугаар зүйлд, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг зохион байгуулах талаарх Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын үүргүүдийг Дайчилгааны тухай хуульд нарийвчлан заасан тул хууль, эрх зүйн давхардлыг арилгах үүднээс хуучин журмын зарим зүйл, заалтыг хассан зэргийг дурдаж болох юм.

Бусад журмын тухайд ...
-“Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журам”-ын хувьд, дайчилгаа зарласан үед дайчлан татахаар төлөвлөгөөнд тусгагдсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчлөлд байгаа зэвсэг, техник хэрэгсэл, эд хөрөнгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүртгэж, дайчилгааны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулсан. Дайчилгааны нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршил, нөөцийг бүрдүүлэх болон нөөцтэй байх аж ахуйн нэгж, байгууллагыг Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага тодорхойлж, уг саналыг болон шаардагдах төсвийн асуудлыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх зохицуулалтыг хийж өгсөн. Түүнчлэн, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгааны даалгавраар тогтоосон дайчилгааны нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт, арчлан хамгаалалтад жил бүр үзлэг, шалгалт явуулж байх бөгөөд үзлэг, шалгалт явуулах бүрэлдэхүүн, хугацааг Засгийн газар тогтоох зохицуулалтыг хийсэн.

“Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журам”-д хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дайчлагдсан өмчийг буцаан төлөх хэмжээг тогтоох хугацаа болон нөхөх олговрыг төлөх хугацааг тодорхой тусгасан бөгөөд нөхөх олговорт хүү, алданги тооцохгүй байхаар, нөхөх олговрыг биет хэлбэрээр буцаан төлөхдөө зохих хуулийн дагуу элэгдлийг тооцон олгохоор тусгалаа. Мөн “Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журам”-д дайчилж болох санхүүгийн нөөцийг бэлэн болон бэлэн бус мөнгө, мөнгө, түүнтэй адилтгах хэрэгсэл гэсэн гурван хэсэгт ангилан тэдгээрт хамаарах нөөцүүдийг тодорхой зааж өгсөн. Мөн Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх хугацааг нарийвчлан тодорхойлсон.

Шинэчлэн батлагдсан эдгээр журмын ач холбогдлын тухайд ...
-Товчхондоо эдгээр журмууд батлагдсанаар Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилт хангагдах, дайчилгааны зарлан мэдээлэл явуулах, нөөц бүрдүүлэх, нөхөн олговор төлөх болон дайчилгаатай сургуулийг явуулах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсны зэрэгцээ дайчилгааны үед байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх асуудал тодорхой болж байгаа юм.

Соёмбо сонин

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002718
Өнөөдөр зочилсон 1200
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.