Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ТҮҮХЭН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАД ДАЙЧДАД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2020 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

Монгол Улсын ХХ зууны түүхэнд тодоор бичигдэн үлдсэн эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дархалсан Чөлөөлөх дайны түүхт ялалтын 75 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа Офицеруудын ордонд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, ОХУ, БНХАУ-ын Батлан хамгаалахын атташе нар болон дайнд оролцсон ахмад дайчид оролцов.

Сүхбаатарын одонгоор Э.Лувсанбалдан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Батмөнх, Цэргийн гавьяаны одонгоор Т.Цэдэндамба, Ц.Даш, Ш.Аварзэд, Д.Жигмэд, Д.Дашхүү, Ч.Лувсандорж, С.Ванчигдоо, "Алтан гадас" одонгоор П.Дашцэдэн, С.Дуламсүрэн мөн Дайнд оролцогчдын Монголын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Лүндэн, Цэргийн хүндэт медалиар Ш.Цэдэндамба, Т.Лувсан, Г.Цэрэнлхам нарыг тус тус шагналаа.

Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Эх орны төлөө-I" хүндэт тэмдгээр Т.Бат-Очир, Г.Шагдар, Б.Дорж нарын 10 ахмад дайчныг шагнаж, хүрэлцэн ирсэн нийт ахмад дайчдад Батлан хамгаалахын сайдын "Хүндэтгэл"-ийг гардуулсан юм. Түүнчлэн дайнд оролцсон ахмад дайчдад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мөнгөн урамшуулал олголоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу Монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа.

Чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэргийн морьт механикжуулсан бүлэгт 21000 гаруй монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байсан юм. Чөлөөлөх дайны гол ололт нь 1945 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Зөвлөлт Холбоот Улс, Дундад Иргэн Улсын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцсон явдал юм. Ингэснээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явагдаж, Монголчууд нэгэн дуугаар тусгаар тогтнолоо бататгасан байдаг юм. Санал асуулгын дүнд үндэслэн Дундад Иргэн Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа 1946 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр бичгээр ирүүлсэн билээ. Ийм аугаа түүхт дайны 75 жилийн ойг та бид бахдал омогшил дүүрэн тэмдэглэж байна. Энэ бол хэзээ ч мартаж, хайхрахгүй орхиж боломгүй түүхийн хуудас, бидний дайчин түүх билээ. Чөлөөлөх дайнд оролцсон нийт ахмад дайчдадаа халуун баяр хүргэе" гэв.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын бүрэлдэхүүн, ахмад дайчид БНМАУ-ын Гарамгай баатар Л.Дандарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байгаа ажээ.

Үйл явдалын хуанли
OCTOBER 2020
SUN M T W TH F S
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
Статистик
Нийт зочид 6436097
Өнөөдөр зочилсон 5682
Нийт мэдээлэл 73
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.