Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчилж хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут эрхэм сайд Яшар Гүлэр болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох завшаан тохиолдож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Хоёр тал Монгол, Туркийн харилцаа түүхэн уламжлал, соёлын гүн холбоонд тулгуурласан стратегийн түншлэл болж өргөжсөнийг тэмдэглэж, цаашид батлан хамгаалах, цэргийн боловсрол, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцлаа.




Уулзалтын үеэр хоёр талын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд сумны бэсрэг үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулж буйд хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв. Цаашид, Түрэг судлалын хүрээнд явуулж буй археологийн судалгааг өргөжүүлж, монгол цэргийн түүх, өв соёлыг хамтран судлах, эрүүл мэндийн салбарын туршлага солилцох, цэргийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, цэргийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад хоёр тал санал нэгдэв.
Мөн талууд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цаашид ч хувь нэмрээ оруулах болно гэдгийг сайд Д.Батлут тэмдэглэв. Түүнчлэн Монгол улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын хүрээнд зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын сургуульд Турк улс сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгааг цохон тэмдэглэж, энэхүү хамтын ажиллагаагаа цаашид тогтвортой явуулах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, найрсаг харилцааг ирээдүйд улам бататган хөгжүүлэх итгэлтэй байгаагаа илэрхийлэв.




