БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

6
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк–Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак тэргүүтэй төлөөлөгчдийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол, Туркийн харилцаа улс төр, эдийн засаг, боловсрол, соёл болон батлан хамгаалах зэрэг олон салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглээд, хоёр орны хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
Тэрээр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч сард Монгол Улсад нээгдсэн бага оврын сумны үйлдвэрийн төсөл нь хоёр орны хамтын ажиллагааны бодит үр дүнгийн нэг жишээ болсныг дурдав. Уг үйлдвэрийн нээлтэд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр оролцсон бөгөөд энэ үеэр 2026 оноос эхлэн батлан хамгаалах салбарт “Санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд шинэ боломж нээж буйг сайд онцлов.
Харин бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак Монгол, Туркийн харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, батлан хамгаалах салбарт техник, технологийн солилцоо, боловсон хүчин бэлтгэх, мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Монгол, Туркийн ард түмний найрамдал, хамтын ажиллагаа ирэх онд шинэ түвшинд хүрч, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлоод, Туркийн ард түмэнд улс тунхагласны баярын мэндийг дэвшүүлэв.