БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗДАГ ЦАГТАЙ БОЛНО

1
Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаан /2025.11.05/ болж өндөрлөлөө.
Хуралдаанд батлан хамгаалах яам болон харьяа газар, нэгжийн удирдлагууд оролцож, сайдын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлуудад сайд тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.
Хуралдааны эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар үүрэг даалгаврын биелэлтийг 91.1 хувьтай буюу үр дүнтэй хэрэгжиж буй талаар танилцуулснаар өрнөсөн юм.
Хуралдааны явцад Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут гарч буй санал санаачилгуудын хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж, үр дүнг тухай бүрт нь гүйцэтгэж танилцуулдаг байх, мэдээллийн урсгалыг сайжруулж нэгтгэн, үйл ажиллагаа, бодлого шийдвэрийнхээ уялдаа холбоог сайжруулах тогтолцоог онцгой анхаарах шаардлагатай байгааг яамны бүтцийн нэгж, харьяа газар, байгууллагуудад санууллаа.
Хуралдааны төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут
• Иргэдтэй хийх уулзалтын тогтмол цагтай болж, иргэдээ хүлээн авч уулздаг байх
• Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу танилцуулдаг байх
• Ахмадын сангаар дамжуулан ахмадын хөгжлийн хөтөлбөрүүдийг идэвхжүүлэх
• Ангиуд орлого олж, олсон ашгаа дотооддоо зарцуулах боломжийг судлах ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг чиглэлийг холбогдох газар, нэгжүүдийн дарга нарт өгснөөр хуралдаан өндөрлөлөө.