ЦЭНХЭР ДУУЛГАТАН ДАЙЧДАДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, АМЖИЛТ ХҮСЭВ

2

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг нар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Абей муж, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Йемэн, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ливан Улс зэрэг нийт найман улсын нутаг дэвсгэрт явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэнхэр дуулгатан дайчдадаа шинэ оны мэндийг цахимаар дэвшүүлж, дэлхийн энх тайвны төлөөх үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Энэ үеэр ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлт хэвийн, алба хаагчдын сэтгэл санаа тогтвортой, хангалт сайн хэмээн илтгэлээ.

Мөн Батлан хамгаалахын сайд Д.Батлут Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд баримталж буй бодлого болон өнгөрсөн онд хэрэгжүүлсэн онцлох ажил, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Төгсгөлд нь тэрээр “Энхийг сахиулагчид та бүхэн улс орныхоо нэр хүндийг ямагт эрхэмлэж, Монгол Улсын төр засаг, Зэвсэгт хүчний болон НҮБ-ын цэргийн хүчний удирдлагаас хүлээлгэсэн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлнэ гэдэгт сайд миний бие итгэлтэй байна. Хүн төрөлхтний амар амгалан, энх тайвны төлөөх үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж, Монгол Улс, Монгол цэргийн нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж буй эрхэм генерал, офицер, ахлагч та бүхэндээ ирж буй 2026 оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.