БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР 2026 ОНЫГ “ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ-ШИНЭЧЛЭЛТИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

15

Өнөөдөр /2026.01.06/ Батлан хамгаалах яам 2025 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж, цаашид анхаарч ажиллах шаардлагатай зарим асуудлыг хэлэлцлээ.

Батлан хамгаалах яам нь 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд “Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлнэ” гэсэн зорилгыг тавьсан. Энэ хүрээнд Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зэвсэглэл техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, гадаад харилцаа, энхийг дэмжих ажиллагаанд оролцох төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх, алба хаагчдынхаа нийгмийг хамгааллыг сайжруулахад чиглэсэн нийт 17 зорилт, 118 арга хэмжээг төлөвлөн 93,7 хувийн биелэлттэйгээр гүйцэтгэж өмнөө тавьсан зорилго зорилтуудаа бүрэн хангасан байна.

Тайлангийн хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут ЗХЖШ болон яамны харьяа аж ахуй нэгж, байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар зарим бүрэлдэхүүнийг шагнаж урамшууллаа.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ, өнгөрсөн онд Батлан хамгаалах салбар нэлээд ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснийг онцлоод 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж, “Эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, Батлан хамгаалах чадавхыг бэхжүүлнэ” гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлж байна хэмээгээд дараах үүрэг чиглэлийг бие бүрэлдэхүүнд өгсөн юм.

-Хариуцсан байгууллага, нэгждээ ажиллаж байгаа цэргийн алба хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж, цэргийн алба хаагчийн дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх;

-Цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээний асуудлаар иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, мэдээллийг хууль, дүрэмд заасны дагуу шалгаж шийдвэрлэх;

-Цэргийн удирдах алба хаагчдын манлайлал, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

-Алба хаагчдын ажлын цаг ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, анги, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах, шахалт шаардлагаар биш санал санаачилгаар ажиллах соёл, дэг журмыг хэвшүүлэх;

-Хамт олныхоо дотор ажил хэрэгч уур амьсгалыг бий болгож, харилцан бие биеэ хүндэлсэн ажиллах орчныг бүрдүүлэх;

-“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-үүдийн ажлыг сайжруулж, цэргийн албаны зохион байгуулалт, цэргийн алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх;

-Цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг өдөр тутмын үйл ажиллагаа, сургалт бэлтгэлтэйгээ нягт уялдуулан зохион байгуулж, биелэлтийг хангуулж ажиллахыг бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.