БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

43

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.01.08/ боллоо. Хурлыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут удирдаж, “Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээлийг шалгаруулах, шагнах, урамшуулах, эргэлтэд оруулах журмын төсөл”-ийг хэлэлцсэнээр эхлэв.  Энэхүү асуудлыг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа танилцуулсан бөгөөд  2013 оноос хэрэгжиж эхэлсэн тус журмын шинэчлэлээр шилдэг бүтээлийн төрөл болон олгох шагнал урамшууллын хэмжээг нэмэгдүүлж буйгаар онцлог болохыг дурдлаа. Ингэснээр батлан хамгаалах салбарын эрдэмтэд, залуу зохион бүтээгчдийн  бүтээл туурвих, судалгаа шинжилгээний ажлууд эрчимжиж, оновчтой бүтээлүүдийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх, эргэлтэд оруулах, масс үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал түлхэц болохыг онцолсон юм.

Мөн хуралдаанаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр танилцууллаа. Журам шинэчлэгдэн батлагдсанаар улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын болон бусад ажилд Зэвсэгт хүчний оролцох үйл ажиллагаа, түүнтэй холбоотой байгууллага хоорондын харилцаа, хүлээх үүрэг хариуцлага тодорхой болж, ажлын уялдаа холбоо сайжирч, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн болон стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Батлан хамгаалах салбарын оролцоо нэмэгдэж, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ гэж үзжээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа хэлснээр тус журмыг илүү нарийвчлан судалж, эцэслэн боловсруулах үүрэг даалгаврыг өглөө.           Танилцуулагдсан асуудлын тухайд  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батхуяг “Батлан хамгаалах салбарын хэмжээнд иргэд, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 2025 оны шийдвэрлэлтийн байдал”-ыг танилцууллаа. Өнгөрсөн онд иргэдээс ирсэн саналыг нээлттэй, шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласан бөгөөд шийдвэрлэлт хэрэгжилт 98,9 хувьтай дүгнэгдсэнийг илтгэхэд Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2026 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол шийдвэрлэлтийг улам боловсронгуй болгож цахимжуулах, холбогдох газар хэлтсийн дарга нар өөрийн биеэр тухайн иргэнийг хүлээн авч уулздаг байх зэрэг зөвлөлийн гишүүдээс гарсан саналуудыг нэгтгэж улам боловсронгуй системчлэхийг үүрэг болгов. Үргэлжлүүлэн НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер, цэргийн мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын сонгон шалгаруулалт явуулсан тухай танилцуулсан бол  Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба “ЗХЖШ-ын даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгийн нэгдсэн дүн”-г танилцуулснаар хуралдаан өндөрлөсөн юм.

    Хуралдааны төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч, 2026 оныг салбарын хэмжээнд “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан ажлын хариуцлагаа өндөржүүлэхийг сануулав.