
УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийж, салбарын хэмжээнд “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн жилийг албан ёсоор эхлүүллээ.
Хурлын эхэнд Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагчид болон удирдах газрын дарга нар өөрсдийн чиглэлээрх өнөөгийн нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэлийн талаар илтгэл танилцууллаа.
Үүний дараа Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын сайдаар томилогдсоноос хойш хэрэгжүүлсэн томоохон ажил, арга хэмжээ болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудын биелэлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, зэвсэглэл техникийг шинэчлэх, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг онцолсон юм.
Цахим хурлын үеэр орон нутаг болон алслагдсан анги, салбарын алба хаагчид тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ шууд илэрхийлэх боломж бүрдэж, нийт 600 гаруй алба хаагчдаас санал хүсэлт, асуулт ирүүлсэнд давхардлыг арилгаж, чухлын дарааллаар эрэмбэлэн сайд болон холбогдох албан тушаалтнууд тухай бүр хариулт өгч, шийдвэрлэх арга замыг хэлэлцэв.
Хурлын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут нийт бие бүрэлдэхүүнд хандан 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлт”-ийн жил болгож, алба хаагчдын нийгмийн баталгаа, эрүүл мэнд, эерэг хандлагыг нэн тэргүүнд тавих, хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, дүрмийн бус харилцааг таслан зогсоож, сахилга батыг чангатгах, салбарын хуулиудын шинэчлэлд алба хаагчдын саналыг тусгах, цэргийн инновацын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг 20 орчим үүрэг даалгаврыг нийт бие бүрэлдэхүүнд өглөө.
Энэхүү цахим хурал нь салбарын удирдлага болон анги, салбарын бие бүрэлдэхүүний амьд холбоог бэхжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой болов.



