Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний бэлэн байдал, сургалт бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт” өнөөдөр /2026.01.28/ эхэллээ.

Цугларалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, салбарын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ЗХЖШ-ын байрлалд ирэхэд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон бусад албаны төлөөлөгчид угтан авлаа.

Удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Батлан хамгаалах салбарт гарч буй ахиц дэвшлийг сайшаахын зэрэгцээ дараах гол чиглэлүүдэд анхаарахыг БХЯ болон ЗХЖШ-ын удирдлагуудад үүрэг болголоо:
- Үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн үзэл баримтлалтай уялдуулан Батлан хамгаалах бодлого, цэргийн номлол болон салбарын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж батлуулах.
- Батлан хамгаалах аж үйлдвэрлэл, цэргийн шинжлэх ухааныг шинэ шатанд гаргах.
- 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан залуу боловсон хүчний нийгмийн хамгаалал, боловсрол, ёс зүйд онцгой анхаарах.
- Ерөнхий командлагчийн санаачилсан “Эх оронч монгол”, “Идэр чийрэг монгол цэрэг” төслүүдийн хүрээнд цэргийн албыг төгөлдөржүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад бүх шатны захирагч нарыг санаачилгатай ажиллахыг даалгав.

Стратегийн цугларалт “Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд нэгтгэл, ангиудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг хэлэлцэж байна.


