
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сайд Д.Батлут Австрали улсыг “Гуравдагч хөршийн бодлого”-ын найдвартай түнш болохыг онцолж, бүс нутгийн энх тайвны төлөөх “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулид Австрали улс 2011 оноос хойш идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлэв.
Мөн Австралийн талаас Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, стратегийн түвшний магистрын зэргийн хөтөлбөрт хамруулах мөн сургалтын материаллаг баазыг сайжруулахад үзүүлж буй дэмжлэгийг өндрөөр үнэлэв.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Австралийн Холбооны улсад зохион байгуулагдах Батлан хамгаалах салбарын олон улсын томоохон хурал чуулган, яриа хэлэлцээрт Монголын талын төлөөлөгчдийг урьж оролцуулах, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.



