БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧДАД ОЛГОХ ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АЖИЛЛАНА

8

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2026.02.09/ Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын (БИЦУГ) үйл ажиллагаатай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Барилга-инженерийн цэргийн удирдах газар нь байгуулагдсан цагаас хойш 90 жилийн түүхэндээ 400 гаруй үйлдвэрийг барьж, зам дэд бүтцийн олон зуун бүтээн байгуулалтад гар бие оролцсоноос сүүлийн жилүүдэд:

  • “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн стратегийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд;
  • Ханбогд сум дахь автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал зэрэг 10 гаруй томоохон төсөл;
  • Дархан хот дахь “Дархан Юнайтед” спорт цогцолбор,
  • “Бурхан Халдун” хүндэтгэлийн цогцолбор,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байр зэрэг томоохон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж, улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар ирсэн түүхтэй.

Дээрх ажлуудын үр дүнд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 44.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсөвт 25.2 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгож чаджээ.

Сайд Д.Батлут нийт бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр Батлан хамгаалах салбар 2026 оныг “ХҮН ТӨВТЭЙ-ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛТ”-ийн жил болгон зарласантай холбогдуулан цаашид

  • “Алсын хараа-2050”, “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг эрчимжүүлэх;
  • Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлж, зөвхөн хэрэглэгч бус улс орны стратегийн бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулагч үйлдвэрлэгч болох бодлогыг бататгах;
  • 2026 оны зорилтын хүрээнд цэргийн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд онцгой анхаарах зэрэг бодлогын чиглэлийг нийт бие бүрэлдэхүүнд өглөө.

Түүнчлэн бүтээн байгуулалтын ажилд оролцсон алба хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаа илэрхийллээ.