Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар улс орныхоо батлан хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг офицерууд цэргийн дээд цол хүртлээ.
Энэхүү зарлигаар Хошууч генерал цолыг:
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар;
Бригадын генерал цолыг:
ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Б.Ганбат,
ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх,
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй,
Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ,
ҮБХИС-ийн захирал хурандаа Т.Буянбат нарт тус тус олголоо.
Цэрэг бүрийнхээ итгэлийг тээж, хувь заяаг чиглүүлэх, улс орныхоо батлан хамгаалах салбарыг стратегийн өндөр түвшинд удирдах давхар хариуцлага хүлээсэн эрхэм генералуудад Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе!