
Бид энэ удаагийн “Зочин” хоймортоо АНУ-ын Тэнгисийн цэргийн ахисан түвшний сургуулийн магистрын хөтөлбөрийг амжилттай дүүргэн эх орондоо ирээд байгаа ахмад Ч.Ариунбатыг урьж ярилцлаа.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. АНУ-д суралцаж эрдмийн зэргээ амжилттай хамгаалаад ирсэнд баяр хүргэе. Холын хүнээс үг сонс гэдэг дээ, явсан газрын сонин сайхнаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Маш их баярлалаа. Би АНУ-ын Монтерей хот дахь Тэнгисийн цэргийн ахисан түвшний сургуулийн магистрантурын хөтөлбөрт 2023-2024 онд суралцаж, амжилттай дүүргээд ирлээ. Сургуулийнхаа тухайд сонин болгож товч танилцуулахад АНУ-ын Тэнгисийн цэргийн харьяа боловсролын тэргүүлэх байгууллагуудын нэг бөгөөд батлан хамгаалах салбарын удирдлага, шинжлэх ухаан, инженерчлэл, олон улсын аюулгүй байдал зэрэг чиглэлээр ахисан түвшний боловсрол олгож, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг. Анх 1909 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн сайд Жорж вон Л.Мэерийн тушаал шийдвэрээр байгуулагдаж, Ньюпорт, Роуд-Айленд мужид үйл ажиллагаагаа явуулж байсан бол 1951 онд Калифорни мужийн Монтерей хот руу нүүлгэн шилжүүлсэн юм билээ.
Тус сургуульд магистрантур, докторантурын хөтөлбөрийг инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, төрийн удирдлага, олон улсын аюулгүй байдал, эрчим хүчний судалгаа, цэргийн стратеги, удирдлага зэрэг 70 гаруй чиглэлээр хичээллүүлдэг. Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн цэргийн офицеруудад боловсрол олгохоос гадна арми, агаарын цэрэг, тэнгисийн явган цэргийн корпусын алба хаагчид, холбоотон, түнш орнуудын цэргийн алба хаагчдыг хүлээн авч сургаж бэлтгэдгээрээ онцлогтой.
Судалгааны ажил тань нэлээд сонирхолтой, үр дүнтэй байж өндөр үнэлгээ авсан юм билээ. Энэ тухайд тодруулбал…?
-Магистрын дипломын судалгаагаа би “Нийгмийн эмх замбараагүй байдал, жагсаал, цуглаанд үзүүлж буй мэдээллийн нөлөө” сэдвээр их өгөгдөл ашиглан хийсэн. Судалгааны ажил маань нийгмийн сүлжээн дэх ёс суртахууны үг хэллэг нь тайван жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг эхлүүлэхэд хэрхэн нөлөөлдөгт чиглэсэн гэх үү дээ. Ер нь ёс суртахууны онолын хүрээнд аливаа хэлэнд ашиглагдаж буй үг бүр хүмүүсийн ёс суртахууны үнэлэмж, зан үйлийг үндэслэн халамж, шударга ёс, үнэнч байдал, эрх мэдэл, ариун байдал гэсэн таван бүлэгт хуваагддаг гэж үздэг. Тэгэхээр миний судалгааны үндсэн зорилго нь ёс суртахууны онолыг ашиглаж, нийгмийн сүлжээн дэх үг хэллэгийн тархалт болон жагсаал, цуглааны эсэргүүцлийн давтамж хоорондын хамаарлыг тодорхойлоход чиглэсэн гэсэн үг. Үүний тулд 2016 оны 1-3 дугаар сарын хоорондох зэвсэгт мөргөлдөөний байршил, үйл явдлын мэдээллийн өгөгдөл болон твиттер платформ дахь 138 сая жиргээний өгөгдлийг ашигласан юм. Судалгааны үр дүнд ёс суртахууны хэллэг, тэр тусмаа шударга ёс болон урвалттай холбоотой хэллэгүүд нь тайван жагсаалын тоо нэмэгдэхэд шууд хамааралтайгаас гадна БНХАУ-тай холбоотой сэдвүүдээр хийгдсэн жиргээнүүд, бусад ерөнхий тохиолдолд ч мөн адил тайван эсэргүүцлийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд голлох үүрэгтэй болохыг судалж гаргасан. Үүний үр дүнд аливаа жагсаал, цуглааны өрнөлд дүн шинжилгээ хийх, цаашид эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй эсэхэд үнэлгээ хийх, батлан хамгаалах салбарын бие даасан хиймэл оюун ухааныг хөгжүүлэх боломж бий болж байгаа юм. Мөн энэхүү судалгаа нь гадаадын улс орнуудын мэдээллийн орон зайд үзүүлэх нөлөөллийг илрүүлэх, улмаар нийгмийн тогтвортой байдлыг хангах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Үнэхээр өргөн цар хүрээтэй, үр дүнтэй судалгааг “барьж авчээ”, та?
-Баярлалаа, судалгааны ажил маань чамгүй үнэлэгдэж, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас Old Crow байгууллагатай хамтран зохион байгуулагддаг “INFOPAC-2024” олон улсын хуралд танилцуулагдах 13 илтгэл болон Тэнгисийн цэргийн ахисан түвшний сургуулийн шилдэг 20 дипломын ажлын нэгээр шалгарсан нь маш их урам өгсөн дөө.
Анх аавтайгаа зөвлөлдөн байж судалгааны ажлынхаа санааг олж тодорхойлсон гэдгээ та хэлж байсан даа. Эцэг хүний талбиун хараа, хүүдээ итгэх итгэл үнэмшил бас үнэлэмж үнэхээр голтой байдаг нь маргаангүй юм гэж бодож сууна. Хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэх хэчнээн сайхан.
-Тэгэлгүй яах вэ, эх хэл дээрээ суралцаж байгаа америк болон гадаадын бусад улс орнуудаас шилэгдэж ирсэн оюутнуудаас ялгарч чадах ганц зүйл маань идэвх, цаг хугацаа зориулах бололцоо л байсан. Аав бид хоёрын ярианы нэг сэдэв ардчилсан улс орнуудын мэдээллийн орон зайн дархлаа байсан юм. Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил нь улс орнуудын геополитикийн өрсөлдөөний шинэ талбарыг нээж, мэдээллийн орон зайг хамгаалах асуудал чухал болсон. Манайх шиг ардчилсан улс орнуудын хувьд мэдээллийн орон зайн дархлаа нь зөвхөн кибер аюулгүй байдлаар зогсохгүй олон нийтэд хүрч буй нийгмийн сүлжээгээр түгээгдэж байгаа мэдээллийн үнэн зөв байдал, гадаад болон дотоодын далд зорилготой мэдээллээс хамгаалах зайлшгүй шаардлага бий болоод байгаа талаар ярилцаж байлаа. Энэ ярианаасаа үндэслээд нийгмийн сүлжээн дэх нөлөөллийн талаар судлахаар болсон доо. Гэвч аав минь намайг суралцаж байх хугацаанд тэнгэрт дэвшиж, судалгааны ажлын маань үр дүнг харж чадаагүйд сэтгэл эзгүйрч, зүрх зүсэгддэг ч тэнгэрээс хүүгээ тольдон бахархаж байгаа гэдэгт нь итгэж уужирдаг даа.

Цаашид уг судалгааны ажлаа лавшруулан үргэлжлүүлэх, илүү үр дүн үзүүлэх талаар төлөвлөгөө бий байх?
-Монгол Улсынхаа мэдээллийн орон зайн дархлааг улам бүр бэхжүүлэхийн тулд судалгааны ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ төрлийн судалгааг хийхэд их өгөгдөл цуглуулах, байгууллага хоорондын харилцаанд суурилсан нэгдсэн мэдээллийн сан байгуулах зэргээр багагүй хөрөнгө зарцуулагдах ажлууд бий. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс эхлээд дэс дараатайгаар бодож, төлөвлөөд л үргэлжлүүлнэ дээ.
Одоо хоёулаа яриагаа арай өөр чигт хандуулъя. Ингэхэд яагаад цэргийн хүн болохоор шийдсэн юм бэ, аавын тань нөлөө байв уу, үнэхээр өөрийн тань хүсэл мөрөөдөл байв уу?
-Үнэнийг хэлэхэд цэргийн хүн болох шийдвэрт аавын гэхээсээ ээжийн нөлөө их байсан. Аавын минь хувьд бидний хүсэл мөрөөдөл, аливаа сонголт, шийдвэрийг үргэлж нэгдүгээрт тавьж хүндэтгэдэг ч надад энгийн салбараар явахыг зөвлөдөг байв. Хэдий тийм ч аавынхаа сонин, сэтгүүлд өгсөн ярилцлагуудыг хожмоо уншаад өөрийнхөө ажил мэргэжлийг хүүдээ өвлүүлэх юм сан гэж бодож явсныг нь ойлгож мэдэрсэн дээ. Тэгээд ханийнхаа нууцхан бодол хүслийг анзаарч, хүүгээ цэргийн хүн болоход чиглүүлсэн ижийдээ, тухайн үедээ ойлгоогүй ч зөн совингоороо аавынхаа хүслийг биелүүлж цэргийн мэргэжил сонгосон өөртөө талархах сэтгэл эрхгүй төрсөн сөн.
Цэргийн хөдөлмөр, цэргийн хүний аж амьдрал гэдэг яалт ч үгүй асар их тэсвэр тэвчээрийг шаарддаг. Ийм л онцлог гэх үү, давуу эсвэл сул талтай салбарыг сонгосондоо сэтгэл гонсойж, халширч, няцаж явсан тохиолдол байв уу?
-Цэргийн алба бол таны хэлээд байгаачлан тухайн хүнээс үнэхээр тэсвэр тэвчээр гэдгийг чинээнд нь тултал шаарддаг алба. Энэ их тэвчээр, шантаршгүй тууштай байдлыг хувь хүн ганцаараа бий болгоод явдаг гэвэл үгүй. Сонсогч болохоос эхлээд л аав ээж, багш нар, онжавууд, за тэгээд л хань ижил, ах эгч, найз нөхөд гээд маш олон хүний хамтын хүч энд чухал. Тийм ч учраас би эдгээр хүмүүстээ, тэр тусмаа намайг төдийгөөс өдийг хүртэл “бүтээсэн” аав ээждээ, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхэд арыг минь чамбай гэгч нь дааж явдаг гэргийдээ үргэлж талархдаг юм. Миний хувьд Япон Улсын Үндэсний батлан хамгаалахын академийн цэргийн сургуулийг дүүргэсэн. Япон үндэстний чанга хатуу соёлын нөлөөгөөр манай сургуулийн дэг жаяг маш хатуу байсан. Энэ бүхнийг гурван онжавынхаа буянд даван туулж, энэ гурвынхаа хүчээр шантарч нуралгүй ард нь гарсан. Энэ ташрамд хошууч Ц.Сэргэлэнбаатар, Х.Ням, ахмад З.Ганзориг гээд гурван мундаг найздаа талархаж явдгаа уламжилъя. Тэд минь байгаагүй бол надад арай өөр мэргэжлийн хувь тавилан зурагдчихсан байх магадлал өндөр шүү. (инээв)
Ажлын гараагаа хаанаас, хэрхэн эхэлж байв?
-2015 онд сургуулиа дүүргэж ирээд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид кибер бүлгийн мэргэжилтнээр томилогдон ажлын гараагаа эхэлж байлаа. Арлын оронд юу сурч мэдсэнээ, ямархан офицер болж бэлтгэгдсэнээ харуулж, хариуцлагатай ажиллах нь бидний үүрэг тул үүнийгээ ч ухамсарлаж, хамт олноосоо ч маш их зүйлд суралцаж ажилласан шүү.
Аавын тань үнэтэй заавар зөвлөгөө, үлгэрлэл таныг ажлын гарааны зурхайд хөл тавихад асар чухал байсан нь гарцаагүй?
-Тэгэлгүй яах вэ. Аав минь их сайн ментор байсан. Надад тулгамдаад байгаа асуудал, гаргах гэж буй чухал шийдвэрүүдийг хүлээцтэй сонсож, олон талын асуулт асуугаад л өөрөөр минь сайтар яриулдаг байлаа. Товчхондоо ментор хийж зөвлөгөө өгнө үү гэхээс эцсийн шийдвэрийг дандаа өөрөөр минь гаргуулна. Тийм болоод ч тэр үү би өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүддээ огт харамсдаггүй. Аавын голомтоос гал таслан өрхийн тэргүүн болсон ч аав, ээжтэйгээ халуун ам бүлээрээ хамтдаа байхын жаргалыг мэдэрч, цугтаа амьдардаг байсан болохоор аав минь орой ажлаа тараад ороод ирэхэд царайг маань хараад л тухайн өдрийг хэрхэн өнгөрүүлснийг төвөггүй ойлгочихно. За тэгээд л жаахан асуудал энэ тэр тулгарсан байх үед бол “Залуу офицер юу болов, юу тохиолдов” гээд л хамтдаа цайлна. Тэгээд л ярилцаж өгнө шүү дээ. “Та хоёр одоо унтахгүй юм уу” гэх ээжийн шаардлагаар сая нэг юм цаг харахад аль хэдий нь ээ гурав, дөрвөн цаг яриад суучихсан, нөгөө тулгарсан асуудлын маань хариуг өөрөөр минь олуулчихсан байдаг сан.
Таны ажил албандаа болоод хувийн амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Бусдын цагийг өөрөөсөө шалтгаалсан хэрэгцээгүй зүйлд зарцуулах нь бүдүүлэг үйлдэл гэж хардаг юм, би. Тэгэхээр хэн нэгний алтаар хэмжигддэг энэхүү хором мөч бүхнийг хүндэтгэхийг эрхэм болгодог.
Хэтийн зорилгынхоо тухайд тодруулаач, жишээ нь 10 жилийн дараах Ариунбат хэн байх талаар төсөөлбөл?
-Арван жилийн дараах Ариунбат “гавьяаныхаа амралт”-д гарах өргөдлөө өгчхөөд сууж байх юм байна шүү дээ. (инээв)
Хүү нь аавынхаа хүрээгүй оргилд гарч, хүсэл зорилгыг нь гүйцээдэг гэдэг үг бий. Энэ бол маш том үүрэг хариуцлага мэт санагддаг. Танд ч бас хэрхэх тухай зорилго, хүсэл тэмүүлэл дүүрэн бий байх?
-Аавын минь хийж бүтээж ирсэн бүхий л зүйл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө байсан. Энэ бүхнийгээ зүгээр нэг ажил гэж үздэггүй, зүрх сэтгэлээсээ, чин эрмэлзлээрээ хийдэг хүн байлаа. Аав маань Монголынхоо тусгаар тогтнолыг бататгахын төлөө тэргүүн эгнээнд зогсож буй Монгол дайчдыг алдаршуулах зорилгыг тээж явдаг байсан. Аавын минь шүүмжлэлтэй ханддаг байсан нэг зүйл бол Монголын цэрэг дайчдын түүхэн гавьяаг харуулсан хөшөө, дурсгалын тоо гарын таван хуруунд ч хүрэхгүй цөөн байгаад эмзэглэдэг байсан. Бидний мэдэх Л.Дандар баатар, Ж.Лхагвасүрэн жанжны хөшөөг үр хүүхдүүд нь, Энхийг сахиулагчдын хөшөөг Зэвсэгт хүчний нийт ахлагч нарын хандиваар босгосон. Харин Зайсан толгой, Танктай хөшөө, Офицеруудын тойрог, Жуковын хөшөө гээд Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөт цогцолборуудын тоо, цар хүрээ илүү байдаг. Олон мянган жилийн түүхтэй монгол цэргүүдийн алдар сууг мөнхжүүлэх хөшөөг Улаанбаатар хотын дүүрэг болгонд яагаад байгуулж болохгүй гэж. Үүнийг л бодож явдаг даа.
Та сурч боловсрох, энхийн үйлсэд оролцох гэх мэтээр цөөнгүй удаа гаднын улс орны цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн алхсан хүн. Тэдэнтэй мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол, тэвчээр хатуужил, цалин хангамж, техник технологийн дэвшил, Зэвсэгт хүчнийх нь чадавх зэрэгтэй мэдээж өөрсдийгөө харьцуулдаг байх?
-Олон улсын цэргийн алба хаагчид нэг дор байхаараа байнгын нууцхан өрсөлдөөнд орчихдог юм билээ. Өмсөж зүүсэн, мэдлэг чадвар, тэсвэр хатуужил гээд л. Мэдээж цэргийн сургуулийн сонсогч байхаас эхлээд л өрсөлдүүлдэг болохоор нэг талаараа салбарын онцлог гэж хэлж болох байх. Энэ дунд ажигласан нэг давуу тал байдаг нь Монгол дайчид цэргийн ажиллагаанд оролцсон туршлагаараа хаана ч тэргүүлдэг чанар л даа. Цэргийн ажиллагаа, өөр өөр төрлийн мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан улс манайх л байдаг. Америкчууд гэхэд цэргийн ажиллагаандаа туршлагатай боловч энхийг сахиулах ажиллагаанд туршлага багатай, Бангладеш, Энэтхэг гэхэд энхийг сахиулах ажиллагаанд арвин их туршлагатай боловч олон улсын цэргийн ажиллагааны туршлага багатай байх жишээтэй. Харьцуулахад, Монгол Улсын цэргийн алба хаагчид олон улсын цэргийн ажиллагаагаар Ирак, Афганистан Улсуудад, энхийг сахиулах ажиллагаагаар Чад, Конго, Судан, БНӨСУ гээд 10 гаруй улсад үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ бол дэлхийн аль ч улсад давтагдахгүй давуу тал шүү дээ.
Залуу офицерын хувьд Зэвсэгт хүчнийхээ хөгжлийг, ирээдүйг хэрхэн хардаг вэ, өөрөө бас ямар хувь нэмэр оруулахыг хүсдэг вэ?
-Монгол Улсын Зэвсэгт хүчин бол манай тусгаар тогтнолын баталгаа, ард түмний итгэл найдвар болдог салбар шүү дээ. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанаас эхлээд дотоодын аюулгүй байдлыг хангах хүртэлх өргөн хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа нь Зэвсэгт хүчний маань хариуцлага, нэр хүндийн илэрхийлэл гэж боддог.
Цаашид Зэвсэгт хүчнийг илүү технологид суурилсан, хурдтай, орчин үеийн шаардлагад нийцсэн хүчирхэг байгууллага болж хөгжих ёстой гэж хардаг. Дрон, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг технологиудын дэвшлийг ашиглан Зэвсэгт хүчнийхээ чадавхыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Нэг жишээ гэхэд л Зэвсэгт хүчний залуус хоёрхон жилийн дотор “Ёл-1”, “Ёл-2” гээд дронуудыг амжилттай зохион бүтээгээд ашиглаж байна шүү дээ. Дэлхийн хөгжингүй улс орнуудын хийж бүтээж чадахгүй байгаа зүйлийг хийж, харуулж байгаа нь бидний чадвар ямар хязгааргүй болохыг илэрхийлж байгаа юм. Залуу офицерууд бид өнөөдөр суралцаж, маргааш эх орныхоо батлан хамгаалахад шинэ өнгө төрх, шинэ технологи нэвтрүүлэх гол хүч болох учиртай гэж итгэдэг. Өнөө үед Зэвсэгт хүчний хөгжил нь зөвхөн бие бүрэлдэхүүний ур чадвараар хязгаарлагдахгүй, харин технологийн дэвшил, инновацтай салшгүй холбоотой болсон. Монгол Улс газар нутгийн онцлог, төсвийн хязгаарлалтыг харгалзан бага зардлаар илүү үр дүнд хүрэхийн тулд дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Тиймдээ ч энэ чиглэлийн судалгаа хийж, өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах хүсэл тээж явдаг.
Мөрдэс нэгт үеийн залуусаа юунд уриалмаар санагддаг вэ?
-Залуучууд бид бие биедээ урмын үгийг харамгүй хэлж бас хүлээн авч сурах ёстой гэж хардаг. Хүн ер нь урмын үгээр хурцлагдаж, итгэл үнэмшлээр тэтгэгдэж, илүү ихийг хийж бүтээх эрч хүчээр сэлбэгддэг биз дээ. Ийм байтал яагаад ч юм манай нийгэмд мундаг шүү, амжилт, баярлалаа, хичээгээрэй гэдэг үгс их хомс сонсогддог. Үгээр хүнийг алж ч болно, аварч ч болно гэдэг шиг хэн нэгэнд зориулж чин сэтгэлээсээ хэлсэн урмын үг тань тухайн хүний бүх л өдрийг өөрчлөх боломжтой. Тийм болохоор бие биедээ урмын үгийг харамгүй хэлж байгаарай.
Ярилцлагынхаа төгсгөлийг таны мэдэлд үлдээе…
-Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж байгаа цэргийн алба хаагчид болон гэр бүлийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн бол Монгол Улсын бахархал юм шүү.
Дэд хурандаа Далхжавын МЭНДБАЯР