
Монголын орчин үеийн утга зохиол, сэтгүүл зүйн ертөнцөд “зохиогч-нийтлэлч” гэх өвөрмөц тодотголтойгоор зам мөрөө үлдээж, улс төр, нийгэм, түүх, утга зохиолын сэдэвт бүтээлүүдээрээ дамжуулан уншигчдыг бодрол, эргэцүүлэлд гүн гүнзгий хөтөлдөг сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Д.ДАМДИНЖАВ-ыг энэ удаагийн дугаарын зочин хоймортоо урьж ярилцлаа. Сэтгүүл зүйн памфлет төрлөөр дагнан бичдэг түүнийг уншигчид “Гол тоглогч” цуврал бүтээлээр нь эчнээ таних биз ээ.
Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Цаасан хэвлэлийн галыг тасалдуулахгүйгээр цахиж яваа “Соёмбо” сонины редакцынхандаа талархал илэрхийлье. Би ч уртаашаа ердөө Олон улсын сэтгүүлч гэсэн ганц л мэргэжилтэй хүн. Мэргэжлээрээ дундаа завсарлагатайгаар 23 жил ажиллаж байна. Зохиолч, яруу найрагч гэж нэрлэдгийн тухайд уншигчдаас л надад өгсөн тодотгол. Би харин өөрийгөө зохиолч биш, зохиогч нийтлэлч гэж боддог. Энэ нь миний бүтээлийн онцлогтой холбоотой. Нэгэн талаараа сэтгүүлчийн, нөгөө талаараа зохиолчийн ажлыг хольж туурвисан бүтээлүүд надад бий. Яруу найраг бол миний сэтгэл зүрх, сэтгэлгээ, мэдрэмж, чөлөөт орон зай, сэтгэгдлийн ертөнц. Ажил мэргэжил огт биш.
Бичгийн хүн болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Үүнд бол миний өссөн ахуй, цаг үе, нөхцөл цөм нөлөөлсөн. Одоогийнх шиг цахим орчин гэж байгаагүй тул номтой нөхөрлөж л өссөн дөө. Гэхдээ тэр үеийн бүх хүн ном уншдаг байсан гээд бичгийн хүмүүс болоогүйг бодоход надад жаахан өгөгдөл, хүсэл тэмүүлэл, дээр нь хувь тавилан байсан байх. Огт өгөгдөлгүй, хүсэл тэмүүлэлгүй байсан бол би аль эрт энэ салбараас гараад явчих байсан. Одоо эргээд бодоход надад хийж үзээгүй зүйлс ховор юм билээ. Та түрүүнд мэргэжил асуусан даа. Яг мэргэжлийг нь эзэмшээгүй ч хийж үзсэн ажлууд гэвэл нэлээн хэдэн юм гарна шүү. Сумын төвийн галчаас ажлын гараагаа эхэлж байлаа. Нарийн боовчин, өрлөгчин, угаагч, ачигч, наймаачин, сурвалжлагч, продюсер, сэтгүүлийн эрхлэгч, баарны эзэн, мэргэжилтэн гээд явна. Гэхдээ л ямар ч замаар явсан огт салаагүй нэг шугам, тулж очдог нэг л цэг бий. Тэр нь бичих.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Тухайн цаг үед ямар албатай байснаас хамаарч янз бүр өнгөрдөг. Би ямар ч ажил хийж байсан чимээгүй гүйцэтгэхийг эрхэмлэдэг. Чимээгүй, тасралтгүй, хичээнгүй байдлаас л бүтээмж бий болно. Гэхдээ би тийм ч бүтээмж өндөртэй хүн биш. Бичиж байгаа юмаа барьж авахдаа их тааруу. Халгаад л, бэргээд л, тойроод л яваад байдаг зантай. Харин нэг бариад авбал тэгтлээ цаг үрээд байдаггүй. Ажилладаг арга барил, цагийн хуваарилалт талаасаа асууж байгаа бол би хэзээ ч нэг л юмаа хийдэггүй. Зэрэг олон юм бодно, тэднийгээ заавал амжуулах гэж зүтгүүлнэ. Заримдаа тархи толгойд минь ийм олон үл бүтэх санаа битгий бодогдуулж өгөөч гэж гуймаар санагддаг юм. (Инээв) Чимээгүй сууж, чимээгүй алхаж, чимээгүй сонсож байгаа хэр нь ээ л нэг ч хором чөлөө өгөхгүй ажилладаг тархитай юм шиг байгаа юм. Зөвхөн зохиол бүтээлээ боддог бол гоё, бас амар байхгүй юу. Гэтэл үгүй. Зүсэн бүрийн юм бодно, тэрс тэрс юм сэтгэнэ. Тэгээд зүгээр бодоод орхидоггүй, заавал хийж болох болохгүйг нь үзмээр санагддаг. Ингээд л өөрийгөө түмэн завгүй амьтан болгоод, махалчихдаг юм.
Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг ажил, төсөл?
-Өө, зөндөө. Үндсэн ажлын талбар маань уг нь сэтгүүл зүй. Гэтэл би туурвил зүйн бүхий л төрөл зүйлийг сонирхдог. Аль өвөрмөц, адармаатай руу нь тэмүүлнэ. Түүх, улс төр, бизнес цөмийг нь сонирхоно. Тэгсэн хэр нь ээ хэзээ ч түүхч, улстөрч эсвэл бизнесмен болох амбицгүй. Ер нь нэг ийм ойлгомжгүй хүн. Өөрийгөө ч ойлгодоггүй юм. Ингэж ярихаар өөрийгөө олоогүй, эсвэл яг хийх дуртай юмаа олж таниагүй хүн юм биш үү гэж ойлгогдож магад. Үүнд надад хариулт бий. Надад очих цэг чухал биш. Харин явж буй, туулж буй зам л чухал. Оролдоод үзэх нь л сонирхолтой байдаг.
Улс төр, нийгэм цаг үе, цэрэг, эх орон гэх мэт маш өргөн утга агуулгаар ном, шүлэг, нийтлэл, шүүмжүүдийг бичдэг. Өнөөг хүртэл бичиж байсан ном зохиол, шүлэг гэвэл хэд байна?
-Би ерөөсөө 10 номын л ард гараад байна. Сүүлийн үед ихэнх цагаа дэмий хоосон үржээ гэж бодоод байгаа. Надаас жаахан арчаатай хүн байгаад, зөвхөн бичихдээ төвлөрсөн бол хэд дахин илүү бүтээмжтэй байх байсан даа гэж санагддаг.
“Гол тоглогч”, “Суут нууц” номуудынхаа талаар…
-Ярихад урт, нуршуу түүх болох байх аа. Товчхон хэлэхэд, “Гол тоглогч” бол цэвэр улс төрийн мэдрэмжээс үүдэлтэй. Энэ нөхдүүдийг нэг тодорхойлох гээд үзвэл гэсэн саваагүй, сахилгагүй бодлын л үр дүн. Бичсэний дараа унших, эсвэл цаг хугацааны хойно дүгнэх бол шал өөр асуудал л даа. Хэн нэгнийг ер нь хөндлөнгөөс нэр хоч өгнө гэдэг адаглаад л зориг зүрх, тэгээд түүнийгээ дүгнэлтээрээ батална гэдэг асар том эрсдэлийн өөдөөс алхана гэсэн үг. “Чи шал худлаа бичсэн. Тэр чинь тийм хүн биш” гэвэл тэгээд л баларлаа шүү дээ. Ихэнх гол дүртэйгээ огт уулзахгүйгээр бичсэн гэхэд харин ч ханатай бичсэн юм болов уу гэж боддог. “Суут нууц” ч ялгаагүй дээ. Бас л тэнэг зоригоос төрсөн. Хүмүүс үхсэн хүнтэй ярилцсан, эсвэл сүнстэй нь ярилцсан гэж ойлгож тайлбарлах гээд байдаг юм. Би бөө, зайран энэ тэр нь биш болохоор тийм боломжгүй. Би ерөөсөө л түүхэн баримтууд дундаас дүр, үзэл санаа түүж, босгож ирсэн, түүхээс асууж зүрхэлсэн, хариулт нь ямар байх бол гэж эрж хайсан л хүн. Юутай ярилцсан бэ гэхээр эх сурвалжууд, түүхэн баримтууд, ном бүтээлтэй л ярилцсан. Хэрвээ Монгол үндэстэн үеийн үед оршин тогтнож ирсэн бол түүнд үндэсний гэх үзэл санаа, ой санамж байх ёстой гэж боддог. Тухайн цаг үед амьдарч, тэмцэж ялж, ялагдаж байсан бодит хүмүүсийн үйл хэрэг, үзэл санаанд түүхийн жинхэнэ үнэн, философи нуугдаж байгаа гэж л бодож, зорьж хийсэн бүтээл.
Таны амжилт, карьераас бид юуг мэдэх ёстой вэ?
-Юуг амжилт гэж харахаас шалтгаалах байх. Хүмүүс алдааны ард амжилт ирдэг юм шиг ухуулдаг. Миний бодлоор, алдах нь ч өөрөө амжилт гэж санагддаг. Тэр хүн хийж үзнэ гэдэг өөрөө амжилт. Ямар нэг зүйлийг хийхэд хүн их, бага хэмжээгээр зориг гаргаж л хийж байгаа. Тэр нь оновол амжилт, алдвал алдаа байж таарахгүй. Хийсэн, зориглосон, үзээд алдсан л бол тэр амжилт. Энд мэдээж буруу зүйл хийх тухай яриагүй шүү. Буруу зүйл хийхийг алдаа гэх биш, нүгэл ч гэдэг юм уу, тэр талаас нь тодорхойлбол онох юм шиг санагддаг. Жишээ нь, нэг бодлогын хариуг буруу гаргасан бол тэр алдаа болохоос, нүгэл биш шүү дээ. Зорилго нь тэр бодлогыг бодох. Хариу нь буруу гарсан бол зөв хариуг гаргатлаа тэр бодлогыг бодоод л байх хэрэгтэй. Тэр үйл явц нь л амжилт болов уу.
Та Батлан хамгаалах салбараас зохион байгуулдаг “Эх орны цэрэг” яруу найргийн наадамд миний мэдэхээр хоёр ч удаа шүлгэн хүлгээ сойж байсан санагдаж байна. Өмнөх амжилтуудаас дурдвал, мөн түүнээс хойш ахин оролцсон уу?
-Тийм ээ, нэг удаад нь тусгай байр эзэлж байсан. Өнгөрсөн жил оролцоогүй. Шүлгээ ч илгээгүй дээ. Учир нь, эх орны сэдвээр бичсэн, өөрийн тоосон шүлэг байгаагүй. Тийм шүлэг бичсэн үедээ л оролцъё гэсэн бодолтой.
Таны нийтлэл, шүлгүүдээс өөрийг тань нэлээд эх оронч хүн юм уу гэж анзаарсан.
-Эх оронч байх тухайд өөрийн эрхгүй гэдэг шиг цаанаасаа л үүддэг үзэл байх.

Эх орон, тусгаар тогтнол гэж таны хувьд юу вэ?
-Зөвхөн надаар хэмжигдэхгүй ойлголт гэж боддог. Тиймд миний хувьд гэх үгэнд хамаатуулах боломжгүй ойлголт. Чи эх орныг нэг өөрөөр боддог, би нэг өөрөөр боддог, ойлгодог байж таарахгүй. Эх орон бол нэг. Тусгаар тогтнол бол бас монголчуудын хувьд нэг цул л ойлголт. Өөр өөрийн жижиг сажиг, салангид олон ойлголтуудад хуваачих л юм бол цор ганц үнэт зүйл, бүхэллэг чанар нь алга болчихно.
Сүүлийн жилүүдэд хоёр их гүрний дунд орших хөгжиж буй манайх шиг оронд хэзээ ч харийн дайсан халдахгүй, Зэвсэгт хүчний хэрэг байхгүй гэх хүмүүс цөөнгүй болсон. Энэ талаар юу гэж бодож байна?
-Энэ талаар мэдэмхийрье гээд ч мэдэх юм алга. Манай улс хаа очиж шашны мөргөлдөөнгүй, дайны аюул заналгүй, хоёр их гүрний дунд өдий зэрэгтэй оршоод байж байгаад нь л талархдаг. Үүний төлөө ямар их золиос, төлөөс гарсныг харин бид мэдэж байх хэрэгтэй. Тэгэхийн бол янз бүрийн санаатай, санамсаргүй өдөөлгө турхиралтад өртөөд байхгүй, төрөл бүрийн далд санаа, хатгалга, тархи угаалтад автаад байхгүй, дороо суурьтай, дотроо бодолтой байхад дөхөмтэй.
Та сэтгүүлч, зохиолч, яруу найрагч хүн цаасан бүтээлүүдтэй хэр нөхөрлөдөг вэ?
-Би өдөр тутмын сонинд ажиллаж, өөрөө ч сонин эрхлэн гаргаж байсан. Тиймд цаасан хэвлэлийн үнэ цэнийг мэднэ. Үнэр нь хүртэл сайхан шүү дээ. Өглөө бүр шинэ сонин дэлгэж уншдаг тэр хүмүүс л энэ мэдрэмжийг мэдэх байх. Танил хуучин мэдрэмжээ одоо хаа нэг л авах болж дээ.
Дижитал эрин зууны нөлөөгөөр цаасан уран бүтээлийн үнэ цэн олон нийтийн дунд унаж байх шиг. Жишээлбэл, цаасан сонины эрэлт хэрэгцээ эрс багасаж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Одоо дэлхий нийтээрээ цаасан хэвлэлээс цахим хэвлэл рүү шилжилт хийж байгаа ч цаг эргэнэ дээ гэсэн бодол байдаг. Хүн төрөлхтөн уншихаа хэзээ ч болихгүй гэж итгэдэг. Учир нь, миний түрүүний хэлдэг танил дотно, хуучин мэдрэмжүүдийг ирээдүйн хиймэл оюун ухаан, дижитал технологи бидэнд өгч чадахгүй л болов уу. Жишээ нь, захидал бичих, хүлээн авах, унших, илгээх, хадгалах тэр мэдрэмжийг хүн төрөлхтөн ой ухаанаасаа бүр мөсөн авч хаяж чадах нь юу л бол. Түүнийг дижитал, цахим ой санамжаар орлуулах боломжгүй. Яг л түүнтэй адил дижитал эрин үеийн хийж чадахгүй зүйлс гэж бий. Тэдгээрийн дотор цаасан хэвлэл лав багтана. Цаасан хэвлэлийн хүнд өгдөг амьд мэдрэмж, үнэ цэнтэй, эрхэмсэг биет хэрэглээг орлуулах боломжгүй л гэж бодож байна.
Цаасан сонины хувьд уншигчид нь ихэнхдээ 40-өөс дээш насныхан байна. Залуусын хувьд өнөө үед цаасан сонин уншдаг хүн байдаг юм уу гэж ихэнх нь хариулдаг. Олон улсын хувьд судлаад үзэхээр энэ их замбараагүй цахим мэдээллийн урсгалд өртдөггүй, бодит баримт болж үлддэг, чанартай үнэн зөв мэдээллийг гагцхүү цаасан сониноос олон нийт авч, үнэ цэн нь эргээд өсөж байгаа гэх, харин Монголд эсрэгээрээ байна. Энэ талаар та санал бодлоо хуваалцаач?
-Нөлөөлж байгаа олон л хүчин зүйл бий байх. Дадал зуршлаас эхлээд боловсролын тогтолцоо хүртэл холбогдоод явчихна. Дээр нь хүн амын боловсролын зэрэг зиндаа, уран зохиол, сэтгүүл зүйн хөгжлийн түвшин, улс орны эдийн засагтай ч холбогдох том сэдэв л дээ. Одоохондоо Монголд цаасан сонин уншдаг хүмүүсийн хувьд ердөө дадал зуршил талын л хэрэгцээ байна уу даа гэж хардаг. Өдөр тутмын сонин захиалдаг, байнга сонин уншаад дадчихсан хүмүүс л цаасан сониндоо үнэнч байгаа. Тэд нь ихэнхдээ 40-өөс дээш насныхан, тэгээд тэд маань жил өнгөрөх тутам цөөрч байгаад гайхах зүйлгүй. Шинэ хэрэглэгч бий болгох талаар юу ч хийгдэхгүй байна л даа. Үүнийг бодлогоор л хийж өгөхгүй бол боломжгүй. Сонин уншдаггүй, сонирхохгүй байгаа хүнийг шилдэж дарж байгаад уншуулна гэж байхгүйгээс хойш шинэ соёлын хэмжээнд бодлого явж байж л эргэж сэргэнэ. Эргэж сэргээх шаардлагатай бол шүү дээ. Эсвэл ерөөсөө элит түвшний хэрэглээ болгох сонголт ч байж болно.
Батлан хамгаалах салбарын хэмжээнд хэвлэгддэг “Соёмбо” цаасан сонин гэхэд л 102 жилийнхээ ойтой золгох гэж байна. Энэ сонин бол Монгол Улсын сэтгүүл зүйн салбарын анхдагчдын нэг. Оргил үедээ сонин захиалгын тоо 45000 хүрч байсан түүхтэй. Улс эх орныхоо нэгэн зууны түүхийг баринтагласан ийм сонин өнөө үед байхгүй. Энэ сонин оршин тогтнох эрэлт хэрэгцээний тал дээр юу хэлэх вэ?

Ахлах дэслэгч Өлзийбаатарын НАСАНТОГТОХ