Д.Батлут: ТӨРИЙН ТӨЛӨӨ ХҮН БИШ, ХҮНИЙ ТӨЛӨӨ ТӨР ОРШДОГ БАЙХ ЁСТОЙ

15

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Дамбын Батлут Батлан хамгаалахын сайдаар томилогдсон даруйдаа салбарын үйл ажиллагаанд хүн төвтэй хандлагыг нэвтрүүлэх ёстойг онцолж, “Хүнээ өнгөлж байж салбар өнгөлөг болно. Удирдлагууд харин “Би биш бид” гэсэн зарчмаар урагшлах ёстой” хэмээн уриалж байснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Бид шинэ оны анхны дугаартаа эрхэм сайдыг урьж, салбарын өнөөгийн төрх хийгээд хэтийн төлөвийн талаар үзэл бодлыг нь сонсож ярилцлаа.
Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаа танд талархлаа илэрхийлье. Шинэ оны анхны өглөөг хэрхэн эхлүүлэв гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү дээ?
-Юуны өмнө та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! Сайхан жил гарлаа. Монголчууд эртнээсээ тэнгэрээ харж жилээ шинжиж, ирээдүйгээ бэлгэддэг, газар дэлхийтэйгээ хүйн холбоотой ард түмэн. Тиймээс оны анхны нарыг харах, бодлоо шинжих, жилийнхээ зорилго хүслээ даатгах гэж өглөө эртлэн босдог биз ээ. Би ч тахиж шүтдэг овоондоо, байгаа газрынхаа хамгийн өндөрлөг цэг, уул хайрхандаа гарч оны анхны нар, шинийн нэгний өглөөтэйгөө золгодог уламжлалтай. Харин энэ жил эрүүл мэндийн шалтгааны улмаас оны анхны нарыг гэрийнхээ цонхоор харлаа даа. Гэхдээ дотоод сэтгэлдээ уулын оргилд гарсан мэт сэтгэж, бэлгэшээж, өнгөтэй өөдтэй жил байхын ерөөл билгийг оршоосон.
Та Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар бид уншигчдадаа тухай бүрд нь мэдээлсээр ирсэн. Салбарын удирдлагын хувьд та харин хэр сэтгэл ханамжтай байна вэ?
-Сэтгэл ханах гэдэг хоёр талтай. Шууд хэлэхэд ханаагүй. Энэ нь бидний хамтдаа зүтгэж буй ажил, үйл хэргийн тодорхой үр дүн гүйцэд гараагүй байна гэсэн үг. Миний бодож төлөвлөсөн, баг хамт олноороо зүтгэж үр дүн гарсны дараа сэтгэл ханамжтай гэж ам бардам хэлэх байх. Харин нөгөө талаар ийм сайхан хамт олонтой нэг баг болж тэр том үр дүнг гаргахаар ажиллаж, зүтгэж байгаа, тэр итгэл үнэмшил, зүтгэлийг мэдэрч байгаа болохоор сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Баг хамт олонтойгоо илүү дотно ойлголцох нь амжилтын үндэс гэж боддог учир “Бид нэг зүг рүү харна, нэг тийш алхана” гэж уриалсан. Тиймээс ч элдэв халаа сэлгээ огт хийгээгүй. Бид хамтдаа цэргийн алба хаагчдынхаа цалин, хөлсний нэмэгдлийг шинэчлэн тогтоож, энхийг сахиулагчдынхаа томилолтын зардлыг 80/20 болгон нэмэгдүүлж, хугацаат цэргийн алба хаагчдадаа эрэлттэй мэргэжил эзэмшүүлэх, суралцах орчныг сайжруулж, гадаадын цэргийн сургуульд суралцагчдадаа сар бүр цалин хөлс олгож эхэллээ. Түүнчлэн Зэвсэгт хүчний ангиуд маань нэмэлт орлого олох, зарцуулах эрх зүйн боломжтой болсон, улсын дайчилгааны даалгавар, төлөвлөгөө батлагдсан гээд дурдаад байвал богино хугацаанд чамгүй ажил амжуулсан байна.
Та ирсэн цагаасаа “Хүн төвтэй бодлого”-ыг чухалчлан дэвшүүлсэн. Хүн рүүгээ чиглэсэн олон ажлын үр дүнг алба хаагчид маань хэдий нь ээ хүртээд эхэлжээ. Олон ч алба хаагч орон сууцны урьдчилгаа гардаж, мөн цөөнгүй залуу гэр бүл ипотект дараалалгүй хамрагдаж, шинэ оноо шинэ байрандаа угтлаа…
-Бидний амьдарч, ажиллаж буй байшин барилга, сууж буй сандал, ширээ, таны барьж буй тэмдэглэлийн дэвтэр, үзгийг хэн хийдэг вэ? Мэдээж хүн…
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүн төвтэй бодлого”-ыг тодорхойлж, Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл бол хүн, хүний хөгжил гэдгийг тунхаглалаа. Нэг ёсондоо бид нэг зүг рүү, нэг цонхоор харж, жижиг зүйлүүдийн нэгдлээр том үр дүн гаргахаар ажиллаж байна. Миний хувьд тэртээ 2000-аад оны эхээр “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад ажиллахдаа ч, дараа нь сумын Засаг даргын орлогчоос Орхон аймгийн Засаг дарга хүртлээ дэвшин ажиллахдаа ч хүн, хүний хөгжлийн талаар дуугарч, ажиллаж ирлээ. Цаг хугацааны үйл явц, шилжилт, өрнөлийг хүн өөрийнхөөрөө дүгнэж, ойлгож, мэдэрнэ гэдэг хүний хөгжил юм. Тухайн үед үүнийг ойлгож, мэдрэх, нийгмийн харилцааны янз бүрийн түвшинд дасан зохицох боломж, ойлголт, мэдрэмжүүдийг надад өгсөн. Ялангуяа аймгийн Засаг даргаар ажиллах дөрвөн жилийн хугацаанд би хүний хөгжлийг л чухалчилж, зорилго төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг гагцхүү хүн, хүний хөгжилд чиглүүлснээр муугүй үр дүн гарсан гэж боддог.
Тэр хугацаанд гурван жил дараалан Орхон аймаг улсдаа тэргүүлсэн байдаг байх аа?
-Тийм ээ, миний ажиллах хугацаанд “Монгол Улсын шилдэг аймаг”-аар гурвантаа шалгарсан. Энэ буухиа цаашид ч үргэлжилнэ. Орхон аймаг 2002 оноос хойш өнөөг хүртэл нийт 13 удаа шилдгээр шалгарсан нь үе үеийн удирдлагуудын залгамж халаа, төрийн албан хаагчдын багийн ажиллагаа болон нийт Эрдэнэтчүүдийн хичээл зүтгэлийн бодит үр дүн гэж бахархаж явдаг.
Салбарын онцлогоос хамаарч хүний хөгжлийн асуудал харилцан адилгүй хэрэгжих болов уу?
-Ер нь бид хүн төвтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой ч манай өнөөгийн хууль эрх зүйн орчин ийм бодлого хэрэгжүүлэхэд бүрэн дүүрэн хангагдаагүй байна. Төрийн оршин тогтнолын талаар олон зүйл хэлж болох ч төр хувь хүний төлөө үйлчлэх л гэж оршдог. Товчхондоо, төрийн төлөө хүн биш, хүний төлөө төр оршдог байх ёстой. Саяхан Монгол Улсын Засгийн газраас хууль дагаж гарсан шаардлагагүй маш олон журмыг хүчингүй болгосон нь ч хууль эрх зүйгээ хүний хөгжил рүү чиглүүлсэн чухал алхам төдийгүй төрийн хүнд суртлыг арилгаж, хүний тусын тулд ажилладаг сонгодог зарчим руу чиглэж байна гэсэн үг.
Бид алба хаагчдынхаа ар гэрийн судалгаа хийгээд, эхний ээлжид 50 гаруй өрхийн бичил бизнес эрхлэгчдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна. Ар гэр нь орлого олоод, амьдрал ахуй тэгшрэхийн хэрээр алба хаагчид маань арагшаа санаа зовох зүйлгүй ажиллана шүү дээ. Түүнчлэн бид оны өмнөхөн Сангийн сайдад хүсэлт тавьж, Зэвсэгт хүчний анги, байгууллагууд нэмэлт орлого олох, зарцуулах эрх зүйн боломжтой болгосон. Энэ боломжийг тус байгууллага алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор зарцуулах хэрэгтэй. Жишээ нь, энэ эх үүсвэрээр тухайн анги хэрэглээний савангийн хангалтаа хийхдээ нэг алба хаагчийнхаа ар гэрийн савангийн үйлдвэрлэлийг дэмжээд худалдан авалт хийх боломжтой. Энэ бол алба хаагчдынхаа ар гэр, өрхийн бичил бизнесийг дэмжиж байгаа нэг хэлбэр юм. Харахад энгийн мэт боловч бие биеэ дэмжсэн энэ мэт олон жижиг зүйлсийн нэгдэл нь том үр дүнд хүрнэ гэж бодож байна. Хувь хүн, өрх гэр эдийн засгийн чадавхтай болох тусам салбар маань, цаашлаад улс орон хөгжинө.
Хүний хөгжлөөс гадна таны өвөрлөсөн томоохон төлөвлөгөө, зорилго зорилт юу байгаа бол?
-Өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага, цэрэг-улс төрийн байдал, дайн тулаан, мөргөлдөөн, зэвсэглэл техник ямар түвшинд явна, цаашлаад хэрхэхтэй холбоотойгоор хоёр гурван томоохон асуудалд ач холбогдол өгч анхаарч байгаа.
Түүнчлэн “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийг ч бид бодлогын хэмжээнд анхаарч, сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулна. Хоёрдугаарт, бид судлахгүйгээр дэлхийтэй хөл нийлүүлж чадахгүй. Мэдээж өнгөрснөө орхиж болохгүй ч одоо үеэ, ирээдүйтэйгээ судлах нь нэн чухал болоод байна. Тэгэхээр манай судалгаа шинжилгээний хүрээлэнгийн цар хүрээ нэмэгдэх ёстой. Бид шинжлэх ухаан инновацын шинэ, шилдэг бүтээлээ шалгаруулаад л орхидог биш үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь чухал байна. Бид удахгүй салбарын эрдэмтдээ хэрхэн урамшуулах асуудлыг шийдвэрлэнэ. Манай залууст оюуны потенциал, идэвх зүтгэл, бүтээлч санаачилга байна. Жишээ нь, Буудлагын дасгалын автомат төхөөрөмжийг манай Радио электроникийн туршилт судалгааны төв буюу Зэвсэгт хүчний 013 дугаар ангийнхан маань хэдийний хийчихсэн байна. Үүнийг бид Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, бие бүрэлдэхүүний сургалтын хэрэгцээнд зориулан худалдан авалт хийж байна. Гэхдээ эдгээр зохион бүтээгч, судлаач залуус хийсэн бүтээснийхээ төлөө үйлдвэрлэлд нэвтэрч, борлогдсон бүтээгдэхүүн бүрээс хувь хүртдэг байх ёстой. Ийм урамшууллын тогтолцоог бий болгосноор манай судлаач залуусын идэвх, урам, зүтгэл сэргэнэ гэж харж байгаа. Түүнчлэн бид судалгааны хүрээлэнг өргөтгөж, найман нэгж төвтэй хамтарч, лабораториудыг байгуулж, масс үйлдвэрлэлийг дэмжинэ. Бид алба хаагчдынхаа ар гэрийг дэмжих, хамтарч ажиллах, хувийн хэвшлийг түшиглэх зэргээр үйлдвэрлэлийг дэмжсэнээр өөрсдийн хэрэгцээг хангана, улмаар төрийн цэргийн болон хууль, хүчний байгууллагууд, цаашлаад Монгол Улсын хэрэгцээнд ч нийлүүлж болно. Бүр экспортолж ч болно шүү дээ. Бид Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийг энэ мэтээр өргөжүүлнэ.
Зэвсэгт хүчинд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорих нь улсыг батлан хамгаалах үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөх, бизнесийн байгууллага биш гэх хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах л байх даа…
-Магадгүй, гэхдээ улс орнуудын хөгжлийн жишиг ийм л байгаа. Бидний ярьж байгаа ажил биелэл болж, төслүүд эргэлтэд орж, масс үйлдвэрлэлд шилжих нь зөвхөн батлан хамгаалах салбарын асуудал биш шүү дээ. Бид хөгжих, бидний санхүү сайжрахын хэрээр асуудлаа өөрсдөө шийддэг болно. Алба хаагчдаа орон сууцжуулж, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарна, зэвсэглэл техникээ сайжруулна. Салбараараа дамжуулж улс орны эдийн засагт хэрэгтэй зүйл хийхийг зорьж байна. Энэ нь бидний үндсэн үүрэг биш ч гэлээ хэрэглэгчээс үйлдвэрлэгч Зэвсэгт хүчин болоход чухал үүрэгтэй. Тэгэхээр хүмүүс үүнийг ойлгоно гэж найдаж байна.
Монгол Улсыг хөгжүүлэх ирэх таван жилийн төлөвлөгөөнд батлан хамгаалах салбар маань 3,3 их наяд төгрөгийн 18 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон. Тэр тусмаа зэвсэглэлд урьд хожид байгаагүй дориун хөрөнгө оруулалт хийх нь ээ…
-Өнөөдөр манай Зэвсэгт хүчний зэвсэглэл дэлхийн улс орнуудтай харьцуулбал 2-4 үеэр хоцрогдсон, хэт хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан болонсэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл зогссон зэргээс үүдэн зэвсэг, техникийг шинэчлэх, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсээд байна. Мөн дэлхийн улс орнуудын геополитикийн нөхцөл байдал эрсдэлтэй, зэвсэглэл техникийн хөгжил хиймэл оюун ухаан, инновац, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, кибер аюулгүй байдал, довтолгоо зэрэг шинэ арга барилыг Зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж байгаа нь бид ч бас дэлхийн хөгжлөөс ухрах ёсгүйг харуулж байгаа юм. Ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөнд орсон нэг чухал ажил бол зэвсэглэл, техникийн шинэчлэл, засварлалтын асуудал. Бидний төсөөллөөр 1,1 их наяд орчим төгрөг хэрэгтэй. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт болох юм. Харин түүнийг хэрхэн олох уу гэх зэрэг асуудал урган гарах нь тодорхой. Бие бүрэлдэхүүний оюуны потенциал, ажиллах хүч, нөөц боломжийг ашиглана. Батлан хамгаалахын аж үйлдвэрээс олсон орлогоороо цааш цаашдын төсөл хөтөлбөрөө санхүүжүүлнэ. Тал талын оролцоогоор асуудлыг шийдвэрлэнэ. Зорьсон, төлөвлөсөн ажил их байна.
Та Батлан хамгаалахын сайдаар томилогдоод хөдөө орон нутгийн анхны томилолтоо цэргийн алба хаасан нутаг Зүүнбаянгаас эхэлснийг санаж байна. Байлдагч Д.Батлутын талаар дурсаач…
-Би 1992-1993 оны буюу анхны нэг жилийн цэрэг.
Миний зөвлөх хурандаа Г.Батсуурь гэж насаараа ангийн захирагчаас авхуулаад цэргийн штабын даргаар ажиллаж байсан мундаг хүн бий. Цэрэг армийнхантай ойрхон байхад тэр хүн их нөлөөлсөн. Бид цэрэг-иргэний харилцааг шинэ түвшинд гаргахыг хичээж, цэргийн ар гэрийнхнийг судалж, ажилд зуучлах, гэр орон барьж өгөх, мод түлээ дөхүүлэхээс эхлээд тулгамдсан асуудлыг нь шийдэж, эргэх холбоотой ажилладаг байлаа. Цэрэгт явсан залуус маань ар гэртээ санаа зовохгүй албаа сайн хаадаг. Хугацаат цэргийн албанд татагдсан байлдагч нартайгаа очиж уулзаж, эцэг эхчүүдийнх нь захиасыг дамжуулж, утсаар яриулж, сэтгэлийг нь өргөж, урам өгч байгаад ирдэг. Удахгүй ес дэх жилдээ байлдагчдаа эргэж очно доо.
Хаа ч л явсан хүнээ бодсон, хүнийг баярлуулах талаар анхаарч явах юм аа даа, та. Яамны эгэл нэг алба хаагч төрсөн өдрөөрөө сайдын чин сэтгэлийн мэндчилгээ, гарын бэлэг хүлээн аваад гайхах, баярлах зэрэгцсэн талаараа ярихыг сонсож байлаа…
-Өвчтэй байх зуур тасарсан байна шүү, нээрээ. Одоо шинэ он гарсан, эрчимтэй эхэлнэ ээ. Нэг баг болж ажиллаж байгаагийнх бие биедээ сайхан урам өгч байх хэрэгтэй. Урам өгнө гэдэг дэргэд нь магтахын нэр биш. Ер нь баяр жаргал, зовлон бэрхшээлийнх нь үед ойрхон, хамт байх нь чухал даа. Тэгээд мэдээж ярилцдаг, ойлголцдог байх хэрэгтэй.
Эх оронч үзэл хаанаас эхэлдэг, хэрхэн бий болдог, залуу үеийнхэнд яаж төлөвшүүлэх талаар уулзсан хүн бүрийнхээ санаа оноог сонсохыг хичээдэг юм аа.
-Жижигхэн зүйлээс эхэлнэ дээ. Зүлгэн дээр байгаа хогийг аваад зориулалтын саванд хийхээс эхлээд Монгол Улсын хөгжлийн төлөөх алхмуудыг мушгин гуйвуулахгүй байх хүртэл хамаарна. “Би эх оронч” гэж цээжээ дэлдэх асуудал огтоос биш. Өөрийгөө хайрлах, өрөөл бусдыг хүндлэхээс эхэлнэ. Ингэвээс монгол хүн та монгол хүнээ хайрлан хамгаалж, Монгол Улсынхаа төлөө сэтгэл зүрхтэй болно. 2023 онд Боловсролын тухайн хуульд өөрчлөлт оруулахдаа цэрэг эх оронч хүмүүжил олгох сургалтын тухай заалтыг аваад хаячихсан байна лээ. Үүнийг сэргээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ерөнхий боловсролын дунд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиудад өв соёл, цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх сургалтыг зайлшгүй оруулах талаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Бидний зорьж байгаа сургалт, хичээл орсноор хүүхэд залуус маань өв соёлоо мэдэрч өснө, түүхээрээ бахархдаг болно, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшил бий болно, өөрийгөө төдийгүй өрөөл нэгнийг авран хамгаалах чадамжтай болно, иргэн цэргийн харилцаа шинэ түвшинд гарах зэрэг өндөр хүлээлттэй байгаа.
Салбарын удирдлагын хувьд 2026 оноос та ямар үр дүн, хүлээлттэй байна даа?
-Миний, бидний, монголчуудын хүлээлт адилхан. Монгол Улсын батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа шинэ түвшинд гарах ёстой, Зэвсэгт хүчин хөгжих ёстой. Бидний санасан зорьсон бүхэн салбарын хийгээд Зэвсэгт хүчний хөгжил дэвшил, цаашлаад Монгол Улсад хэрэгтэй үйл хэрэг учир хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Цаг хугацаа харуулах байх. Тэр цагт л ёстой сэтгэл хангалуун, ханамжтай болно доо.
Д.ГҮНЖИЛМАА