ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАД 150 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

9

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын (ЦДБЭЧ) үйл ажиллагаатай танилцаж, бие бүрэлдэхүүн, уран бүтээлчидтэй уулзалт хийлээ.

Чөлөөлөх дайн болон Халх голын байлдааны фронтын шугамд цэрэг эрсийнхээ дайчин зоригийг бадрааж явсан түүхт тус чуулгад ажиллах үеэрээ салбарын сайд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэл болон алба хаагчдын нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнүүдээ танилцуулсан юм.

Мөн үеэр чуулгын материаллаг баазыг бэхжүүлэх, уран бүтээлчдийн ажиллах орчныг орчин үеийн шаардлагад нийцүүлэх чиглэлд тайзны шинэ техник хэрэгслийг хүлээлгэн өгч, уран бүтээл туурвихад зориулж 86.8 сая төгрөг, нийт 150 гаруй сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг шийдвэрлэв.

Түүнчлэн орон нутаг, алслагдсан анги салбаруудад соёл урлагийн үйлчилгээг хүргэхэд нэн шаардлагатай байгаа бага оврын автобус 1 нэгжийг, ЦДБЭЧ-ийн дотоод засвар гүйцэтгэлд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээ амлалаа.

Уулзалтын төгсгөлд сайд Д.Батлут салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олныхоо саналаар шалгарсан нэг алба хаагчид орон сууцны дэмжлэг, ЦДБЭЧ-д мөр зэрэгцэн алба хааж буй залуу гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөрт зориулж 20 сая төгрөгийн батламжийг гардуулан өгөв.

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын өнөөдрийн шийдвэрүүд нь ЦДБЭЧ-ын материаллаг баазыг шинэчилж, уран бүтээлчдийн нийгмийн баталгааг бодитойгоор хангаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүн төвтэй” бодлого, БХЯ-ны “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил”-ийн зорилтыг салбарын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж буй томоохон алхмын нэг боллоо.