УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлага, багш, алба хаагчидтай уулзаж, салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтоо танилцууллаа.
Тэрбээр 2026 оныг батлан хамгаалах салбарын хэмжээнд “Хүн төвтэй хөгжил–Шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурдлаа. Энэ хүрээнд Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байгаа бөгөөд батлан хамгаалах болон цэргийн албатай холбоотой бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Салбарын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр цалин, нэмэгдэл, томилолтын зардлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд гаргаж, алслагдсан анги байгууллагад ажиллаж буй алба хаагчдад зориулсан урамшууллын шинэ боломжийг бүрдүүлжээ. Мөн орон сууцжуулах бодлогын хүрээнд 2000 айлын орон сууц барих саналыг Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байгааг мэдээлэв.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хөгжлийг дэмжих хүрээнд 2026–2030 оны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сургалтын чанар, бүтэц, багшлах бүрэлдэхүүний хөгжлийг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байгааг сайд онцоллоо.
Түүнчлэн энэ онд тус сургуулийн багш, ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарын цалинг дунджаар 700–800 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

Уулзалтын үеэр сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах хүрээнд орчин үеийн программ хангамж, сервер, 3D принтер, VR төхөөрөмж, дрон зэрэг нийт нэг тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Түүнчлэн алба хаагчдын болон сонсогчдын эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр болсон бөгөөд уг төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн үеэр энгийн алба хаагчид цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон санал, хүсэлтээ илэрхийлэхэд сайд Д.Батлут энэ асуудлыг судалж, боломжит шийдлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдэв.