
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар дөрөв дэх өдрөө зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний цэрэг татлага хоёрдугаар ээлжээр буюу 10 дугаар сард явагдана.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны эрэгтэй иргэдийг хугацаат цэргийн албанд татах бөгөөд оюутан, залуучууд уг зохицуулалтад нэгэн адил хамаарна. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагч 18 нас хүрсэн тохиолдолд суралцаж буйгаа нотлох баримт бүрдүүлснээр түр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой.
Сүүлийн өдрүүдэд орон нутгийн харьяалалтай боловч нийслэлд суралцаж буй оюутан, залуучууд цэргийн зарлан дуудах мэдэгдлийн дагуу заавал харьяа орон нутагтаа очих шаардлага үүсэж, хүндрэл гарч байгаа талаар хандалт ирж байна.
Энэ талаар Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд мэдээлэл өглөө. Тэрээр “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан оюутан, залуучууд байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа үедээ тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэй.
Гэхдээ иргэн орон нутагтаа очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоогоор орох боломжтой.
Жишээ нь, Хөвсгөл аймгийн харьяат оюутан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдардаг бол цэргийн зарлан дуудах мэдэгдэл, цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваад Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын товчоонд очиж болно гэсэн үг юм” гэлээ.
Цаашид цэргийн бүртгэл, зарлан дуудах ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр ажиллаж байна.