
Батлан хамгаалахын сайд, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Цэргийн алба хаагчийг мэргэжлийн сургалтад хамруулах журам”-ын хэрэгжилтийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад хамруулж байна.
Энэхүү журмын дагуу Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Политехникийн коллеж хамтран танхимын сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд авто машины засвар, барилгын засал чимэглэл, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, ойжуулагч гэсэн зургаан мэргэжлээр сургалт явагдаж байна.
Сургалтын зорилго нь хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаандаа хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр сургаж, цаашид ажил, амьдралд бэлтгэхэд чиглэж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчид онол, практик хосолсон мэдлэг, ур чадвар эзэмшиж, төгссөний дараа мэргэжлийн үнэмлэх авснаар шууд ажлын байранд гарах боломжтой.