ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ОРОЛЦОО БА МАНЛАЙЛАЛ

3

 

“Монгол цэрэг XIII зуунд байлдах урлагаар дэлхийд нэрээ дуурсгасан бол XXI зуунд энхийн үйлсээр дэлхийн харуул болж байна” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч С.Дулам нэгэнтээ онцлон өгүүлсэн байдаг. Энэхүү үг өнөөдөр Монголын энхийг сахиулагчдын, тэр дундаа эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг оролцоог тодорхойлох утга агуулгыг бүрэн илэрхийлж байна.

Монгол Улс 2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар илгээж байсан бол эдүгээ энэ түүхэн үйл явдлын 20 жилийн ой тохиож байна. Энэ нь зөвхөн цаг хугацааны хэмжүүр бус, харин монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр хатуужил, эх оронч үзэл, дэлхийн энхийн төлөөх үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл юм.

20 жилийн өмнөөс Монголын эмэгтэй цэргийн алба хаагчид эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо зөвхөн цэргийн үүрэг гүйцэтгээгүй. Тэд эх хүний энэрэл, монгол бүсгүйн ухаан, хүнлэг чанар, дайчин сэтгэлийг олон улсын тавцанд харуулж чадсан билээ. Дайн, мөргөлдөөн, хүмүүнлэгийн хүнд нөхцөлд энх тайвны төлөө ажиллана гэдэг асар их зориг, тэсвэр шаардсан алба. Тэрхүү зоригийг Монголын эмэгтэй энхийг сахиулагчид нэр төртэйгөөр харуулж ирсэн нь өнөөдрийн бидний бахархал юм.

Мэдээж энэ цаг үед энхийг сахиулагчдын өмнө тулгарч буй сорилт улам бүр олон талт болж байна. Зэвсэгт мөргөлдөөнөөс гадна мэдээлэл, кибер аюулгүй байдал, энгийн иргэдийн хамгаалалт, жендэрийн эрх тэгш оролцоо, орон нутгийн тогтвортой байдал зэрэг шинэ сорилтууд нэмэгдэж байна. Мөн нисэгчгүй нисэх төхөөрөмж, дроны халдлага, стратегийн харилцаа холбоо, түргэн байрлах хүчин, кибер ажиллагаа зэрэг нь ажиллагааны орчинд чухал нөлөө үзүүлэх болсон нь уламжлалт оролцоо, чадавхыг шинэ түвшинд авч үзэх шаардлагыг бий болгож байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн алба хаагчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 хувь байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт тогтвортой өсөж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XII-XV ээлжийн цэргийн баг НҮБ-ын өмнө хүлээсэн эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог 15 хувьд тогтвортой хадгалж байгаа нь чухал үзүүлэлт юм. Энэ нь НҮБ-ын “Мөрдэстэй энхийг сахиулагчдын эрх тэгш оролцооны стратеги 2018-2028” баримт бичгийн хэрэгжилтийг Монгол Улс бодитой хангаж байгааг илтгэнэ.

Тоон үзүүлэлтээс гадна эмэгтэй энхийг сахиулагчдын чансаа, манлайллыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Монголын эмэгтэй офицерууд НҮБ-ын ажиллагааны төв штабуудад хэлтсийн дарга, төлөвлөлтийн офицер, тагнуулын офицер, жендэрийн зөвлөх, ротын захирагч зэрэг хариуцлагатай албан тушаалд амжилттай ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд Нью-Йорк дахь НҮБ-ын төв штабт хурандаа Н.Нямжаргал цэрэг, цагдаагийн алба хаагчдаас бүрдсэн багийг ахлан үүрэг гүйцэтгэсэн нь Монголын Зэвсэгт хүчний нэр хүнд, эмэгтэй алба хаагчдын ур чадварыг олон улсын түвшинд өндөр үнэлэгдэж буйн тод илэрхийлэл юм.

Өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн үүрэг зөвхөн зэвсэг барихад хязгаарлагдахгүй. Тэд орон нутгийн иргэдийн дунд итгэлцэл бий болгох, хэлэлцээр хийх, эмэгтэйчүүд, хүүхэд, энгийн иргэдийг хамгаалах, энх тайвны үнэт зүйлийг бодит амьдралд хэрэгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байна