Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай хээрийн сургууль БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдана. Тус сургуульд оролцох бүрэлдэхүүн өмнөд хөршийг зорилоо.

Тус сургуульд оролцох бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Сургалтын төвд төлөвлөгөөний дагуу салбарын жигдрэлтийг хангах сургалтыг 14 хоногийн турш хангаж ийнхүү бэлэн болсон юм.
Хамтарсан сургуульд оролцох бүрэлдэхүүнийг үдэж мордуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, Дорноговь аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөл болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид оролцож, амжилт хүслээ.

Энэ үеэр Монгол талын сургуулийн удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцоход тус сургууль чухал ач холбогдолтойг тодотгосон бол Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хамтарсан хээрийн сургууль өмнө нь 2024 онд Дорноговь аймагт амжилттай явагдсаныг дурдаад хамтарсан сургуульд оролцох алба хаагчдад амжилт хүслээ.