“ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД-20 ЖИЛ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

1
     Монгол Улс 2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь НҮБ-ын “MINURSO” ажиллагаанд цэргийн ажиглагчаар илгээснээр монгол эмэгтэйчүүдийн зориг тэвчээр, эх оронч үзэл, дэлхийн энх тайвны төлөөх үнэтэй хувь нэмрийг олон улсад таниулсан түүхэн үйл явдлын эхлэл тавигдсан билээ.
     Түүнээс хойш НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоо тасралтгүй нэмэгдэж, өдгөө 20 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан ЗХЖШ-аас “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил” өдөрлөгийг зохион байгуулж, энхийг сахиулах үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн эмэгтэй алба хаагчдын гавьяа зүтгэл, амжилт бүтээлийг онцлон тэмдэглэлээ.
     Тус өдөрлөгт УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, НҮБ-аас Монгол Улсад суугаа Суурин зохицуулагч Яап ван Хиердэн тэргүүтэй хүндэт зочид оролцож эмэгтэй энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, хариуцлага, манлайлал, олон улсын энх тайвны төлөө оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн байр сууриа илэрхийлж, энхийг сахиулах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн зарим алба хаагчийг алдаршуулан хүндэтгэл үзүүлсэн юм.