
Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгээс (IISS) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, стратегийн тулгамдсан асуудлыг хэлэлцдэг хамгийн нэр хүндтэй засгийн газар хоорондын дээд хэмжээний форум болох “Шангри-Ла Яриа Хэлэлцээ” (Shangri-La Dialogue) 23 дахь удаагаа Сингапур улсад зохион байгуулагдаж байна.
Тус дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 44 улсын төлөөлөгчид, үүний дотор сайдын түвшний 54 эрхэм уригдан оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна.

НЭЭЛТИЙН ГОЛ ИЛТГЭЛИЙГ ВЬЕТНАМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТО ЛАМ ТАНИЛЦУУЛАВ
Вьетнам улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам дэлхий дахин олон эрсдэл, тодорхойгүй байдалтай нүүр тулж байгааг онцлов. Тэрээр өнөөгийн тогтворгүй байдлын шалтгааныг Ази-Номхон далайн бүс нутагт хамгийн тод илэрч буй олон улсын дэг журам, хөгжлийн загвар болон стратегийн итгэлцлийн хямралтай холбон тайлбарлаж, олон улсын эрх зүйг бэхжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, батлан хамгаалах болон технологийн салбарт хариуцлагатай дүрэм боловсруулахыг уриаллаа.
Тэрээр, “Бүс нутагт хэрэгтэй зүйл нь аливаа их гүрний оролцоо эсвэл оролцоогүй байдал биш юм. Харин хариуцлагатай үүрэг амлалт билээ. Өрсөлдөөн бол хууль эрх зүйн хүрээнд хязгаарлагдаж, ил тод байдлаар удирдуулж, өөрийгөө хязгаарласан хэлбэрээр хэрэгжих ёстой” гэж байр сууриа илэрхийлэв.
АНУ ХОЛБООТНУУДАА БАТЛАН ХАМГААЛАХ ЗАРДЛАА ДНБ-ИЙ 3.5 ХУВЬД ХҮРГЭХИЙГ УРИАЛЛАА
Чуулга уулзалтын хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдааныг нээж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет илтгэл тавилаа. Тэрээр Хятад улс түүхэндээ байгаагүйгээр цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэйг анхааруулав.
Мөн АНУ өөрийн батлан хамгаалах салбартаа 1.5 их наяд долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг онцолж, Азийн холбоотнууд болон түншүүдээ батлан хамгаалахын зардлаа ДНБ-ийхээ 3.5 хувьд хүргэж өсгөхийг уриаллаа.
“АНУ баян чинээлэг орнуудын батлан хамгаалах зардлыг татаасаар тэтгэдэг үе дууссан. Бидэнд ивээлдээ авсан орнууд биш, харин хамтран хариуцлагаа үүрэх жинхэнэ түншүүд хэрэгтэй байна. Бүгд өөрсдөө хариуцлагаа үүрэхгүй бол хүчирхэг эвсэл гэж байхгүй” хэмээн Хегсет хэлж, аюулгүй байдлын ачааг тэгш хуваалцаж буй “үлгэр жишээ холбоотнууд”-аа зэвсгийн борлуулалт, тагнуулын мэдээлэл солилцоо зэргээр нэн түрүүнд дэмжихээ амласан байр суурийг илэрхийлсэн юм.

ФОРУМЫГ САНААЧЛАГЧ, СЭР ЖОН ЧИПМЭНТЭЙ УУЛЗАВ
Чуулга уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Шангри-Ла Яриа Хэлэлцээ”-г үүсгэн байгуулагч, санаачлагч Сэр Жон Чипмэн (John Chipman)-тэй албан ёсны уулзалт хийлээ. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн (IISS) Гүйцэтгэх захирал Сэр Жон Чипмэн нь тус дээд хэмжээний уулзалтыг анх санаачилж, Сингапур улсын засгийн газартай хамтран өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн сорилтууд болон судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны талаар санал солилцов.
МОНГОЛ-КАЗАХСТАНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Мөн үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын дэд сайд Мустамбетов Аскар Досбосыновичтой ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шат ахиулан өргөжүүлэх, цэргийн атташегийн харилцааг идэвхжүүлэх, 2026 оны цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. Мөн цэргийн боловсон хүчин бэлтгэх, олон улсын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар 2 тал байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Д.Батлут чуулга уулзалтын талбарт АНУ, Сингапур, Чех зэрэг улсуудын Батлан хамгаалахын сайд нартай уулзаж, батлан хамгаалах салбарын хоёр талт харилцаа, бүс нутгийн тогтвортой байдлын талаар санал солилцсон юм.
Чуулга уулзалт цаашид “Азийн өөрчлөгдөж буй стратегийн орчин дахь тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутаг дамнасан аюулгүй байдлын заналхийлэлтэй тэмцэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдээр үргэлжилнэ.