
Монгол Улс–Австралийн Холбооны Улсын Батлан хамгаалах бодлогын XI зөвлөлдөх уулзалт /2026.06.03/ Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалах яам болон Австралийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын орчин, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв.

Монгол Улс Австралийг өөрийн “гуравдагч хөрш”, бүс нутаг болон олон улсын тавцан дахь чухал түнш гэж үздэг бөгөөд хоёр улсын батлан хамгаалах хамтын ажиллагаа харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. Мөн 2015 онд байгуулсан Батлан хамгаалах хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтарсан үйл ажиллагааны үр дүнг өндөр үнэлэв.
Түүнчлэн Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд Батлан хамгаалахын атташегийн албыг байгуулсан нь хоёр орны батлан хамгаалах харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болсныг тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийллээ.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан сонирхсон асуудлаар нээлттэй санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.