
Уг хуулийн төсөл нь ажил хөдөлмөр эрхэлж буй ахмад настнуудыг тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхдөө нас, нөхцөлөөр ялгаварлаж байсан өнөөгийн хуулийн цоорхойг засах, тэр дундаа Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд насаараа зүтгээд цэргийн тэтгэвэрт гарсан иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь заалтаар зөвхөн “20-иос доошгүй жил шимтгэл төлж, 65 нас хүрсэн” ахмадыг тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлдөг. Гэтэл бодит байдал дээр өндөр насны тэтгэвэр тогтоолгодог 7 төрлийн зохицуулалт байдаг бөгөөд одоогийн хууль зөвхөн ганцхан нөхцөлийг нь авч үзсэн байна.
Үүний улмаас:
• Цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд
• 4 хүүхэд төрүүлж, 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд
• Малчид
• Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд ажил хөдөлмөр эрхлэхдээ дахин шимтгэл төлж, ялгавартай нөхцөлд өртөөд байна.
2025 оны жилийн эцсийн байдлаар тэтгэвэр авахын зэрэгцээ ажил хийж байгаа 62.2 мянган иргэн байгаагаас 53.2% (33.1 мянга) нь шимтгэлээс чөлөөлөгдсөн бол, үлдсэн 46.8% буюу 29.1 мянган ахмад настан, цэргийн тэтгэвэр авагчид болзол хангаагүй гэх үндэслэлээр шимтгэл төлж, хохирч байна.
Батлан хамгаалахын сайдын зүгээс тус хуулийн төслийг дараах үндэслэлээр бүрэн дэмжиж байна. Хууль батлагдсанаар:
• Нас харгалзахгүйгээр хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон БҮХ иргэн ажил эрхлэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтоо хийх эрхтэй болно.
• Цэргийн тэтгэвэртээ гарсан ч мэдлэг, чадвараа дайчлан хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагчдын санхүүгийн ачаалал буурна.
• Ахмад настныг ажиллуулж буй байгууллагын төлөх шимтгэлийн ачаалал буурснаар ахмадуудын хөдөлмөр эрхлэлт бодитоор дэмжигдэх юм.
Төрийн төлөө тангараг өргөж зүтгэсэн цэргийн алба хаагчид болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан ахмадуудаа тэтгэвэрт гарсан хойно нь нас, нөхцөлөөр ялгаварлахгүй байх тэгш эрхийн зарчмыг УИХ-ын гишүүд нэгдсэн байр суурьтайгаар дэмжин батална гэдэгт итгэлтэй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нарын хамт УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр өргөн мэдүүллээ.