
Өнөөдрийн /2026.06.05/ УИХ-ын чуулганаар “Улсын нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
“Улсын нисэх” гэдэгт Зэвсэгт хүчин, Хил хамгаалах газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудын ашиглаж буй онгоц, нисдэг тэргийг хамруулан ойлгох бөгөөд одоогийн мөрдөгдөж буй хууль нь 20 гаруй жилийн өмнө батлагдсан юм.
Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил, аюулгүй байдлын шинэ шаардлага, мөн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын нисэхийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбоотойгоор шинэчлэн сайжруулах шаардлага үүсээд байна.
Хуулийн шинэчилсэн найруулгад төрийн тусгай чиг үүргийн нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нисэх бүрэлдэхүүний мэргэжлийн харилцааг тодорхой болгох, гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чухал зохицуулалтууд тусгагдсан.
Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын заагийг тодорхой болгосноор удирдлагын давхардлыг арилгах ач холбогдолтой юм.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төрийн тусгай чиг үүргийн нислэгийн бэлэн байдал, шуурхай ажиллагаа сайжирч, нислэгийн аюулгүй байдал, хяналтын тогтолцоо олон улсын шаардлагад нийцсэн түвшинд хүрэх нөхцөл бүрдэнэ.