
Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч Н.Батням ХБНГУ-аас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе бригадын генерал Бернхард Алтерсбергер болон Германы албаны төлөөлөгчдийг хүлээн авч нөхөрсөг уулзалт хийв.
Уулзалтын үеэр хошууч Н.Батням бригадын генерал Бернхард Алтерсбергерт Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэрт нь талархал илэрхийлж, цэргийн боловсрол, сургалт, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа болон Үндэсний батлан хамгаалахын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг өндрөөр үнэлж буйгаа онцлон тэмдэглэв.

Талууд Монгол, Германы батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.