ЭРСДЭЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

4
   
     Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсэг Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийх эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхлүүллээ.
     Тус шалгалтыг Улсын онцгой комиссын даргын баталсан нэгдсэн удирдамж, батлан хамгаалахын эрсдэлийн удирдлага, зохицуулалтын арга зүйн заавар, батлан хамгаалахын сайдын холбогдох тушаал, шийдвэрийн хүрээнд зохион байгуулж байна.
      Шалгалтаар бие бүрэлдэхүүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал, зэвсэглэл, техник хэрэгсэл, сум, галт хэрэглэл, материаллаг нөөц, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, галын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үүсэж болзошгүй эрсдэлийг цогцоор нь үнэлэн дүгнэх юм.
     Түүнчлэн шалгалтын явцад ил тод, бодит мэдээлэл солилцож, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нээлттэй илэрхийлэх нь эрсдэлийг бууруулж, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
     Батлан хамгаалахын сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд энэхүү арга хэмжээ нь буруутан хайх бус, эрсдэлийг илрүүлэн үнэлж, түүний шалтгаан, нөхцөлийг тодорхойлон, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгааг дэд ажлын хэсгийнхэн онцлон тэмдэглэв.