
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгч сонсогчид, Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудад офицер, ахлагчийн албан тушаалд шинээр ажиллах бүрэлдэхүүн, гадаадын цэргийн их, дээд сургуульд шинээр элсэн суралцах сонсогчид цэргийн тангаргаа өргөлөө.
Энэ удаагийн тангараг өргөх ёслолд 500 гаруй сонсогч, алба хаагч хамрагдсан бөгөөд тэд цэргийн албаны анхан шатны сургалтаар шаардлагатай мэдлэг, дадал, ур чадвар эзэмшиж, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ хангасан юм. Ийнхүү эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлан, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхээ батлан илэрхийллээ.

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батхуяг, хошууч генерал Б.Эрдэнэбат болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлага, багш нар, ахмад дайчид, цэргийн алба хаагчид, сонсогчдын гэр бүл, төрөл төрөгсдийн төлөөлөл оролцож, тангараг өргөсөн бүрэлдэхүүнд баяр хүргэлээ.