Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажиллаж байна. Тус ангийн алба хаагчид “Тавантолгой–Зүүнбаян”, “Зүүнбаян–Ханги” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолбор зэрэг улс орны стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд гар бие оролцсон. Одоогоор Шинэжинст–Шивээхүрэн чиглэлийн боомт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд үүрэг гүйцэтгэж байна.

Ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, тэр дундаа улс орны бүтээн байгуулалтад оролцож буй цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх, орлого, нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тухайлбал, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргийн алба хаагчийн нэмэгдэл хөлсийг хоногт 120 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлснээр, алба хаагчид үндсэн цалингаасаа гадна сард 4 орчим сая төгрөгийн нэмэлт орлого авч эхлээд байна.

Энэ нь цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орны томоохон бүтээн байгуулалтад цэргийн мэргэжлийн хүч, инженерийн чадавхыг үр ашигтай ашиглах, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах бодит дэмжлэг болж байгааг тэмдэглэлээ.
Мөн тус ангийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд ангийн захирагч хурандаа М.Батболдын танилцуулснаар 50 айлын албан тушаалын орон сууц, 20 айлын хаус хороолол байгуулах асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Тус асуудалд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсэд газар олгоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.