Батлан хамгаалахын сайдын 01, 04 дүгээр албан даалгавар, “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хэрэгжилт болон эрсдэлийн үнэлгээний мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг Зэвсэгт хүчний 325 дугаар ангид ажиллалаа.
Тус анги нь харьяа найман тусгай салбараа Агаарын цэргийн командлалаас хянах 360 хяналтын камераар хангаж, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэл болон өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг нэмэгдүүлжээ. Ингэснээр албаны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдсэн байна.
Мөн “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил”-ийн хүрээнд алба хаагчдын хүүхдүүд болон Улиастай хотын хүүхэд, залуучуудад хөгжмийн боловсрол олгох, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гар утасны зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор ангийн үлээвэр найрал хөгжмийн салааныхан санаачилсан “Dream Music” сургалтын төвийг засварлан тохижуулж, сургалтын үйл ажиллагааг эхлүүлжээ.
Тус төвд төгөлдөр хуур, морин хуур, ятга, шанз, гитар зэрэг хөгжмийн сургалт зохион байгуулж, хүүхэд, залуучуудын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, бүтээлч оролцоог дэмжих боломж бүрдүүлсэн байна.

Түүнчлэн нийт бие бүрэлдэхүүний сурч боловсрох, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, сургалт, соёл, спортын олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг аж.
Ийнхүү Зэвсэгт хүчний 325 дугаар анги хүний хөгжил, албаны аюулгүй байдал, эрсдэлгүй орчин бий болгохыг үйл ажиллагааныхаа чиглэл болгон, нийт ажилтан алба хаагчид болон тэдний гэр бүл, хүүхдүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хэрэгжүүлсээр байгаа юм.