ОРХОН АЙМАГТ “ЦЭРЭГ ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ХИЧЭЭЛ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

0
     Хүүхэд, залууст эх оронч үзэл, хүмүүжил олгох сахилга хариуцлага, иргэний хамгаалалтын мэдлэгийг багаас нь төлөвшүүлэх зорилготой “Цэрэг иргэний хамгаалалтын хичээл”-ийн нээлтийн үйл ажиллагаа Орхон аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн байрлалд зохион байгуулагдлаа.
   
 Уг үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй Зэвсэгт хүчний зарим төрлийн цэргийн командлагч нар, Орхон аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн удирдлагын төлөөлөл тус сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо.
     Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хамтран хэрэгжүүлж буй цэрэг, эх оронч үзэл хандлага төлөвшүүлэх энэхүү хичээл, сургалт нь энэ жил нийслэл болон орон нутгийн нийт таван ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад туршилтын журмаар ийнхүү хичээллэж эхлэхээр болсон юм.
     ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба энэхүү арга хэмжээний нээлтэд зориулж үг хэлэх үеэрээ “Цэрэг иргэний хамгаалалтын хичээл” нь ЕБС-ийн сургалтын агуулгад тусгагдсанаар хүүхэд залуус эх орноо хайрладаг, хариуцлагатай, сахилга баттай, аливаа эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадвартай иргэн болж төлөвших ач холбогдолтойг онцоллоо.
     “Цэрэг иргэний хамгаалалтын хичээл” сургалт нь тус ЕБС-ийн 11 дүгээр ангийн суралцагчдад 2026-2027 оны хичээлийн жилийн нэг, хоёрдугаар улиралд долоо хоногт нэг цагаар хичээллэнэ.