ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ НЬ МОНГОЛ УЛС БОЛЛОО

1
     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.
     Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.
     Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав. Мөн тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойших 65 жилийн хугацаанд НҮБ, түүний системийн байгууллагууд манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
     Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагааны тулгуур зарчмууд болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг нэр төртэй оруулж ирлээ.
     Тухайлбал, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ.
Энэ хугацаанд энэ статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна.
     Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ. Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.
     Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг боллоо.
     2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ.
     Тиймээс манай улс “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
     Түүнчлэн НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр улс орнуудын тусгай хэрэгцээ, шаардлага, онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулах, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр манлайлан ажилласаар ирснийг тэмдэглэхэд таатай байна хэмээн цохон тэмдэглэсэн юм.