УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай салбарт ажиллалаа.

Тус салбарын үйл ажиллагаа, зэвсэглэл, техник хэрэгслийн бэлэн байдалтай танилцах үеэр тоног төхөөрөмжийн шинэчлэл, техникийн бэлэн байдлыг тасралтгүй хангах нөхцөлийг сайжруулах талаар холбогдох албан тушаалтнуудад судалгаа, тооцоог нарийвчлан гаргах чиглэл өгөв.
Мөн салбарын барилга байгууламжид засвар, тохижилт хийхэд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж, бие бүрэлдэхүүний хувцас, хангалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ үеэр албаны хэрэгцээнд ашиглах Suzuki Jimny автомашин, 75 инчийн ухаалаг дэлгэц болон ахуйн зориулалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Агаарын орон зайн хяналтын найдвартай ажиллагаа нь улсын батлан хамгаалах чадавхын чухал хэсэг учраас техник, технологийн шинэчлэл, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.
