Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны ЗДТГ-ын дарга, багийн засаг дарга нарыг хамруулсан “Цэргийн бэлтгэл” сургалт өнөөдөр /2026.09.26/ Мөрөн хотод эхэллээ.
Тус сургалт нь Дайчилгааны тухай, Цэргийн албаны тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах, батлан хамгаалах бодлого, тогтолцооны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Сургалтын нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа нь төр, захиргааны байгууллага төдийгүй иргэн бүрийн оролцоонд тулгуурладгийг онцолж, орон нутагт батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд сум, багийн удирдлагууд чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Мөн цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг жил бүр чадавхжуулахад ирэх оны улсын төсөвт 1.8 тэрбум төгрөг тусгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын бэлтгэл үүрэгтнүүдийг жил бүр сургалт, бэлтгэлд хамруулах боломж бүрдэхийг дурдлаа.

Сургалтаар олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн төлөв, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, тогтолцоо, орон нутгийн хамгаалалт, цэргийн дайчилгаа, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт зэрэг сэдвээр мэдээлэл, сургалт зохион байгуулна. Мөн оролцогчид буудлагын аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, буудлагын анхны дасгал гүйцэтгэх юм.
“Цэргийн бэлтгэл” сургалтыг сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг хамруулан 2011 оноос хоёр жил тутам бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж ирсэн.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх болон Батлан хамгаалах яам, аймаг, орон нутгийн удирдлага, алба хаагчид, сумдын ЗДТГ-ын дарга, багийн засаг дарга нар оролцов.
